Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар авто замын барилга, засварын ажил түр зогсож байгаатай холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өнөөдрөөс /2020.11.06/ эхлэн 2021 оны авто замын барилга, засварын ажил эхлэх хүртэл түр хугацаагаар нээх болов.
Уг тушаалаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангуулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгуй байдал, зохион байгуулалтыг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлэхийг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, дээрх чиглэлийн авто замаар зорчих улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, зохион байгуулах, олон нийтэд сурталчлах арга хэмжээ авч ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т даалгасан байна. Иймд тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдыг дараах анхааруулгыг мөрдөн хөдөлгөөнд оролцохыг ТЦА болон Зам тээврийн хөгжлийн төвөөс анхааруулж байна. Үүнд:
- Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм болон анхааруулах тэмдгийн заалтыг чандлан мөрдөх
- Авто замын зарим хэсэгт асфальтбетон хучилтгүй байгаа тул тээврийн хэрэгслийг хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх
- Шороон далангаар зорчих үед үзэгдэх орчин хязгаарлагдах чулуу үсрэх эрсдэлтэй тул тээврийн хэрэгсэл хоорондын аюулгүйн зайг баримтлах