Засгийн газар, Улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод байна. Энэ хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 1-нд дуусах ба үргэлжлүүлэн сунгах эсэхийг УОК-оос энэ долоо хоногт шийдвэрлэх юм. Тэгвэл хөл хорио тогтоосноос хойш аж ахуй нэгжүүдийн нөхцөл байдалд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим / МҮХАҮТ /-аас судалгаа явуулсан байна. Энэхүү судалгааны дүнг өнөөдөр /2020.11.26/ цахимаар танилцуулав.
Хөл хорионы үед энэ сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 1-н хүртэл бизнес эрхлэгчид 152,900 ажлын байрыг цөөлжээ. Хэрэв хөл хориог дахин нэг сараар буюу энэ оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгавал 432,600 ажлын байр цөөлөх тооцоо байна. Хэрэв гурван сараар буюу хөл хориог 2021 оны гуравдугаар сар хүртэл сунгавал 505,060 ажлын байр цөөлөх нь. Бизнес эрхлэгчдийн хувьд хөл хоёр аж ахуй нэгжийн нэг нь сарын нөөцтэй ба урсгал зардлаа гаргаж чадна, ажлын байр, цалинг хадгалж чадна хэмээн хариулжээ. Харин гурван сар хүртэл аялал жуулчлал, барилга, хөнгөн үйлдвэр covid-19 цар тахлын нөлөөнд хамгийн их өртөж, хүнд тусч буйг судлаачид хэлэв.