Сэлэнгэд нэг тохиолдол илэрч Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангайд халдвар нэмэгдээгүй
12 сарын 8, 2020

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрээр "Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 27,488 хүнд шинжилгээ хийхэд нэг батлагдсан тохиолдол илэрлээ.

Хавьтлуудын давтан шинижлгээ хийгдсэн. Улаанбаатарт 1,609, Сэлэнгэд 709, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 215 хавьталд шинжилгээ хийсэн. Ингэхэд нэг хүний шинжилгээнд буюу Сэлэнгэ аймагт нэг тохиолдол нэмэгдсэн. Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж илрээгүй. 

Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 888, эдгэрсэн 384 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-ийн клиникт 495 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 67, хөнгөн 420 хүн байгаа" гэв.