Энэ сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
12 дугаар сарын 26-ны 20:00 цагаас 27-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар үүлших бөгөөд шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна гэв.
Мөн Улаанбаатар хот орчмоор үүлшиж, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байх юм байна.
2020 оны 12 дугаар сарын 28-наас 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна,
- 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг,
- 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхины хувьд:
- 28-нд нутгийн өмнөд хэсгээр,
- 29-нд Алтайн уулархаг нутгаар,
- 30-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Түүнчлэн ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. 30, 31-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.