Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы эхнэр аав, ээжийгээ сахихаар ХӨСҮТ рүү нэвтэрч, орчин нөхцөл нь таалагдахгүй байна хэмээн маргааш нь халдварын улаан бүсээс гарсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар Шадар сайд мэдээлэл хийлээ. Тэрээр "Иргэдэд бодит мэдээлэл өгөх ёстой. Манай хадам аав 100 хувь асаргаанд байдаг, 80 настай хөгшин. Хоёр хөгшин хоёулаа "Covid-19" авсан нь батлагдсан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж, ХӨСҮТ рүү эхнэр маань хүргэж өгсөн. Тусгаарлалтын хугацаанд голомтот бүсдээ тусгаарлагдаж байна. Ахмад настнуудад энэ халдвар асар хүнд тусч байгааг би өөрөө мэдэрч явна. Тиймээс иргэддээ ахмадуудаа асар сайн харж, хамгаалж, халдвараас сэргийлэхэд анхаарах шаардлагатайг анхааруулан хэлье.
Манай эхнэр халдвар гарсан голомт буюу аав, ээжийндээ очиж тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагуу тэнд тусгаарлагдаж байна. Дэглэм журмыг миний гэр бүл зөрчих ёсгүй. Тэр тал дээр олон нийтийн хөндөж байгаа сэдэв болон бусад асуудлуудаар хэн ч давуу эрх эдлэх ёсгүй. Тиймээс УОК гэхээсээ илүү ХӨСҮТ буюу мэргэжлийн байгууллагын гаргаж байгаа зөвлөмжийг дагаж байна.
Би ч хамгийн сүүлд гурав хоногийн өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Миний хувьд эрсдэлийг мэдэхийн дээдээр мэдэж байгаагийн хувьд анхаарал болгоомж алдаж болохгүй тул орчин тойрондоо эрсдэл гаргахгүй байж, шинжилгээг тогтмол өгч байна. Түүнээс төрийн өндөр албан тушаалтан гээд өөртөө давуу тал үүсгэсэн асуудал гараагүй" гэв.