Зугаалгаар яваад усанд осолдох тохиолдол их байна
7 сарын 13, 2021

Онцгой байдлын ерөнхий газраас сүүлийн өдрүүдэд тохиосон усны осол, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.

Усны осол: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Хорин нэгийн-Арал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 48 км-т/ Эгийн голын эрэг дээр таван хүн зугаалж байснаас нэг хүн живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 8-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн П /28 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Долдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гурван бүлэгт хуваагдаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн П-гийн цогцсыг долдугаар сарын 12-ны өдрийн 17:00 цагт Эгийн голын бургасан дотор усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Сүмийн булан” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 111 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 31 км-т/ 07.04-ний өдөр Сэлэнгэ мөрний эрэг дээр 10 иргэн зугаалж байснаас тус аймгийн харьяат иргэн Д, Н нар “Экстрал” загварын суудлын автомашинтай сураггүй болсон бөгөөд Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 07.09-ний өдрийн 15:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн Н /50 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 07.12-ны өдрийн байдлаар хоёр бүлэгт хуваагдаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:35 цагт түр зогсоосон. Долдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн “Зараа булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 97 км-т/ 14 хүн “Хэрлэн” голын эрэгт зугаалж явснаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат иргэн Б голын усанд сэлэхээр ороод живсэн тухай тухай дуудлагыг долдугаар сарын 10-ны өдрийн 14.21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус аймгийн харьяат иргэн Б /28 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Долдугаар сарын 12-ны өдрийн 10:10 цагт иргэн Б-гийн цогцсыг /осолдсон газраас 15 км-т/ “Зараагийн хошуу” гэдэг газар усны мандалд хөвж байсныг олж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлж өгсөн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн “Алтанхундагын тохой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ 17 хүн “Хараа” голын эрэгт зугаалж байснаас 1 хүн усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 11-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн О /21 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Долдугаар сарын 12-ны өдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. Долдугаар сарын 13-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Шимт нарс” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ компанийн 13 ажилтан “Хараа” голын эрэгт зугаалж байснаас нэг хүн нь загас барьж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 11-ний өдрийн 18:20 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид долдугаар сарын 12-ны өдрийн 07:43 цагт очиж, тус сумын харьяат иргэн М /21 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өдрийн 08:10 цагт /осолдсон газраас зүүн зүгт 5 метр зайд 3 метрийн гүн/ “Шимт нарс” гэдэг газраас цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 175 км-т, сумын төвөөс урд зүгт 100 км-т/12 хүн зугаалж байснаас “Бага түргэний хүрхрээ”-ий усанд нэг иргэн хаднаас халтирч осолдсон тухай дуудлагыг долдугаар сарын 12-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид мөн өдрийн 21:30 цагт очиж, Орхон аймгийн харьяат иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:15 цагт түр зогсоосон. Долдугаар сарын 13-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Цагдуултайн-Ам” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 280 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ “Цагдуултайн-Ам”-ны хиймэл нууранд хоёр иргэн сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 12-ны өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 16:40 цагт очиж, тус аймгийн Баянцагаан сумын харьяат иргэн Г /32 настай эрэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:00 цагт иргэн Н-ийн цогцсыг нуурын эргээс таван метрийн зайд усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн. Долдугаар сарын 13-ны өдрийн 06:15 цагт иргэн Г-гийн цогцсыг эргээс 15 метр, 6 метрийн гүнээс олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн.

Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн “Улаантолгой” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ 07.12-ны өдрийн 20:50 цагийн орчим нэг зорчигчтой автомашин “Тамир”-ын голыг гатлах гэж яваад живсэн тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 23:05 цагт очиход Улаанбаатар хотоос тус аймгийн Ихтамир сумын чиглэлд иргэн А /42 настай, эмэгтэй/, охин Э /12 настай, эмэгтэй/-ийн хамт “Ландкруйзер 200” загварын суудлын автомашинтай “Тамир”-ын голыг гатлах гэж яваад автомашин нь живж, иргэн А, Э нар автомашины бүхээг дээрээ сууж байсныг эсэн мэнд аюулгүй газарт автомашины хамт татаж гаргасан.