Монголын Өдөр тутмын сонинуудын холбоо, Нийслэлийн ЗДТГ хамтран Түгжрэлийн шийдэл хэлэлцүүлгийн зохион байгуулж байна.
Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар түгжрэлийн гарц, шийдэл, боломжуудыг танилцууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын төлөвлөлтөд 1990-ээд оны үед алдаа гарсан гэж ойлгож болно. 30 орчим жилийн алдааг гурван сар, гурван жилийн дотор шууд шийдэх боломжгүй.
Улаанбаатар хотод шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төслийн ажил маш амжилттай явж байгаа.
Тухайлбал, гуравдугаар сарын 31-нд эхний техник эдийн засгийн үндэслэл буюу бидний хийх эдийн засгийн тооцоолол, ажлын зураг бэлэн болж буй.
Ингээд 2022 оны тавдугаар сарын 15-нд Улаанбаатарт тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төслийн ажил эхэлж, 2024 оны тавдугаар сарын 31-нд эхний 21.2 км-ийг туршилтын байдлаар ашиглалтад өгөхөөр төлөвлөгөө гаргаад Ерөнхий сайдад энэ сарын 26-нд танилцуулахаар бэлдэж байгаа.
Бид 2023 оны есдүгээр сарын 30-нд төмөр зам, бусад тулгуур байгууламжуудыг дуусгана. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд тулгуур байгууламжийн тавцан буюу дээд талын явах тавцанг дуусгах төлөвлөгөөтэй байна. Улмаар 2024 оны тавдугаар сарын 30-нд дохиолол, цахилгааны холболтуудыг хийгээд эхний туршилтын вагоныг явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа.
Хөрөнгө санхүүгийн хувьд төсөвт дарамт болохгүй, Засгийн газрын өрийн хязгаарт орохгүй байдлаар зохицуулалт хийхээр гарц шийдэл гарган танилцуулж буй.
Бидэнд бүрэн боломж бий. Бид зөв санхүүгийн графикийг 10 жилээр гаргаж, олон улсын санхүүгийн байгууллагад өөрсдийнхөө төсвийн орлогын тооцооллуудыг үзүүлээд LRT болон хурдны замын төслийг эхлүүлэхээр бэлдэж байгаа" гэлээ.