МАН шинэ дүрмээ Дээд шүүхэд бүртгүүлж, 2022 оныг ёс зүй, сахилга, хариуцлагын жил болгон зарлаж буйгаа тунхаглан бичээд тун удаагүй байна. Тэд МАН-даа битгий хэл маньд хэрэггүй болсон таван хүнээр туг тахиж, тунхаг гаргахдаа бузар, булхайтай хэзээ ч эвлэрэхгүй гэж хэлсэн. Хэлсэн үгийн чинь шүлс хатаж амжаагүй байхад Увсын хязгаар нутагт буруу, булхайг эсэргүүцсэн мянга, мянган гишүүд бослого тэмцэлдээ тулж, өргөх бичиг үйлдэж эхэлсэн байна, Д.Амарбаясгалан болон Б.Баярбаатар дарга аа. Улаан намын улс төр улайсч, эсэргүү тэмцэлдээ тулсан шалтгаан нь ердөө Ч.Хүрэлбаатар гишүүний бүлэглэл урт хугацаанд ноёлж байгааг эсэргүүцсэнийх гэнэ билээ.
Ер нь Увсын хязгаарт улсыг хохироосон байж болзошгүй маш ноцтой баримтуудыг сэтгүүлчид хангалттай мэдээллээ. Түүнээс гадна МАН-ын эрх ашигт ноцтой хохирол учруулсныг нь намын тань 1018 хүн гарын үсгээрээ баталгаажуулан баримтыг ирүүлээд байгаа гэсэн. Үүнээс илүү баримт гэж байхгүй л болов уу. 1018 хүн гэдэг бол басаж болох бага хүч биш. Бараг аймгийн намын хатуу гишүүнчлэлийн 25 орчим хувийн хүч, дэмжлэг ийм байдаг. Ийм өргөн хүчээр асуудал тавьж байхад Ёс зүй, сахилга, хариуцлагын жилийн хүрээнд Увсыг, улсыг, магадгүй МАН-ын эрх ашгийг хохироодог байж болзошгүй энэ хүмүүст ямар хариуцлага үүрүүлэх юм бол. Угаасаа Хотгор шанагын уурхайн асуудал гэх мэт ноцтой хууль зөрчсөн асуудал нь хуулийн байгууллагаар шийдэгддэггүй Ч.Хүрэлбаатар гишүүнийгээ намынхаа Үндсэн дүрмэнд заасны дагуу намаасаа хөөж чадах уу.
Бараг чадахгүй л гэж хэлэх гээд байна. МАН-ынхан үнэхээр барахгүй. Нэгнийхээ нээнтэг, бүлэг фракцынхаа тохироонд хүлэгдсэн МАН-аас шударга шийдвэр ер нь гарч байгаагүй юм. Харин ард түмэнд өнгө харуулж, сүр бараа үзүүлж, салют буудуулах төдийхнээр хуурсаар ирсэн. Тиймдээ ч одоо энэ арга тактикаа ашиглана гэсэн улс төрийн прогноз байна. Бидний мэдэхээр тун удахгүй Хяналтын ерөнхий хорооноос хэвлэлийн бага хурал зарлаж таарна. Мэддэг юм шиг мэнгэрлэж хэлэхэд Б.Баярбаатар дарга Увсад намын дүрмийг уландаа гишгэж, намынхаа эрх ашигт ноцтой хохирол учруулсан бүлэглэлд хариуцлага тооцлоо гэж маш сүртэй мэдэгдэнэ. Яг үнэндээ хариуцлага үүрэх хүмүүс нь хэн гээч. Бүр хөдөөний, Увсын аль нэг сумын Дондог, Дорж байна. МАН-ын том даргын үүрүүлсэн айхавтар том хариуцлага яг үнэндээ тэр Дондог, Доржид ширхэг хялгасны ч гарзгүй тусна. Яагаад гэвэл тэр МАН-тай, МАН-гүй хонхортоо орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа л жирийн нэгэн. Нидэр дээрээ энэ бүхнийг захиалсан гол тоглогч нь Улаангомд бус Улаанбаатарт байгаа. Байх байхдаа хөшигний ард маш том тохироо хийгээд Увсынхаа гар хөлийг золионд гаргахаар бэлдэж суугаа гэдэгт мөрийцсөн ч алдахгүй болов уу. Ийнхүү “МАН цахим”-жаад увсчууддаа хакердуулсан шигээ “сахилга, хариуцлагын жил” нь ч Увсын асуудалдаа утаа болон замхрах прогноз байгаа юм аа.