Цэцгийн толгой тастадгүй...
4 сарын 15, 2018

Нийгэмд цөөн хувь эзэлдэг боловсролтой хэсэг бол улс гүрнийг залж авч явах тархи юм...

“Хамааралтай” ардууд

Саяхан нэгэн уралдаанч хүн “Монголд хурдан мориноос хамааралтай хүн 400 мянга гаруй байгаа” гэж сонинд бичжээ. Тэр үнэн байхаа, илүү олон ч байж магадгүй. Лавтай архаг архичид, хар тамхинаас хамааралтай донтонгууд яавч энэ тоонд хүрэхгүй, тамхичид л илүү гарах байх.

Өнөөдөр нүүдлийн мал аж ахуйгаар амьдарч байгаа иргэд хүүхэд хөгшдөө оруулаад 15% байгаа гээд бодохоор ийм тоо гарах ч, хамааралгүй ихэнх эмэгтэйчүүд, нялхсыг хасахаар тал нь болно. Үүн дээр нүүдлийн мал аж ахуйгаас хол, хот хүрээнд суудаг хамааралтангуудыг нэмэхээр мань уралдаанч барагцаатай тоо хэлж.

Бөхийн барилдаанаас хамааралтай хүн үүнээс лав хоёр дахин их гээд гөрдөхөд нэг их хол зөрөхгүй болов уу. Дуу хуураас хамааралтайчууд дахиад хоёр дахин олон ч байж болох. Мянга мянган жил үргэлжилсэн нүүдэлчин ард түмний соёл, үүнийг эгдүүцэх жигших муулах ямар ч шалтгаан байхгүй.

Яагаад ийм болчихсон, нүүдлийн нийгмээс хэдийнээ холдсон ч энэ хобби яагаад тасардаггүй талаар ярьвал урт лекц болохоос гадна зөвхөн таамаглаж болохоос яг таг учрыг нь тас мэргэн хэлэх цэцэн бараг олдохгүй. Тэгээд ч тэрийг нь тодотгох гэж мэрийх нь тухайн асуудлаар мэргэшсэн хүнд хамаатай болохоос нийт ард түмэн үүнд хамааралгүй.

Хотжил, иргэншил, үйлдвэржилт Монголд нэвтрээд ердөө хүний хоёр үе л өнгөрч байна.Иймээс мянганы түүхтэй сэтгэлгээ, соёл, уламжлал шинэ ертөнцөө даган орчин үежих процесс удаан үргэлжлэнэ, дахиад хоёр үе өнгөрсөн ч байж л байх болов уу. Барилдах, дуулах, уралдах, шүлэглэх соёл аль ч ард түмэнд байсан ба хөгжлийн явцад өнгө төрх нь өөрчлөгдөж орчин үежих процесс үргэлж цагийн аяс, хөгжлийн хурдацаас хамаарч байсан. Үүнд захиргааны албадлага гэхээсээ цаг хугацаа л нөлөөлдөг байх.

БОЛОВСРОЛТОЙ АРДЫН ХЭРЭГЦЭЭ

Атом цөмийг задалж, удамшлийн кодыг тайлж, нанометрийн хэмжээнд инжинерийн ажил үйлдэж, хүний сэтгэлгээний хурдаас давсан хиймэл оюун бүтээж, өөр гариг руу нисэн очдог болсон өдгөөгийн цаг үед бүх нийтэд хүртээлтэй болтлоо хавтгайрсан ертөнцөд хөл нийлүүлэн алхах нь аль ч ард түмний хүсэл.

Хэдхэн зууны өмнө тэргүүний орноос мянганаар хоцорсон ч үл ажиглагддаг байсан бол өдгөө хэдэн жилээр хоцроход хойш шидэгдэх, магадгүй маргааш хэдхэн сараар хоцроход тэртээд хаягдан хорвоогоос тасран холдох болов уу. Ингэхийг аль ч ард түмэн хүсэхгүй, гэхдээ ард түмэн болгон хоцрохгүй явж бас бардаггүй. Иймээс л аль ч ард түмэнд орчин үеийн боловсролтой мянга мянган иргэн ус агаар мэт хэрэгтэй байдаг.

Боловсрол бол мэргэжлээс өөр зүйл. Боловсрол бол орчныхоо тухай шинжлэх ухааны үндэстэй онол практикийн зөв ойлголттой байхыг хэлнэ. Маш сайн дуулдаг мөртөө урлагийн боловсролгүй байж болно. Мундаг мэс заслалч байж мэргэжлээсээ өөр юу ч сонирхдоггүй байж болно. Ямар ч мэргэжил эзэмшээгүй мөртөө нэвтэрхий толь шиг өргөн мэдлэгтэй, гэхдээ тэрийгээ хэзээ ч ашигладаггүй паразит амьдралаар насыг бардаг нэгэн ч бий.

Дээд сургуулийн болон доктор профессорын үнэмлэх бол тодорхой мэргэжлийн сургуульд явсныг нь л хүлээн зөвшөөрсөн батламж. Гэхдээ ямар ч мэргэжлийн сургуульд явалгүйгээр хавтастай үнэмлэх хэд хэдийг худалдаж аваад улс орноо, нам төрөө удирдаад явж болж байна. Ийм том орныг ингэж удирдахгүй ээ хөө!

Судлаачдын үзэж буйгаар тухайн нийгэм дахь боловсролтой хүмүүсийн эзлэх хувь 5-40% дотор эргэлддэг аж. 5% боловсролтонтой орны хувьд энэ нь гол баялаг нь. 40% боловсролтонтой бол асар их нөөцтэй гэсэн үг. Нийгэм өөрийн боловсролтой оюунлаг иргэдтэй болохын тулд асар их өртөг төлдөг. Бага дунд сургуулиас нь бэлдэн суурийг нь тавьдаг ба эндээс боловсролтой болох цөөн хэсэг нь аяндаа ялгаран тодроод ирнэ.

Нэгэнт сайн суурьтай иргэн амьдралын практикаас асар ихийг олж мэдэн системчилж ойлгосоор нас явах тусам улам боловсронгуй болно. Боловсролтой болоход тухайн хүний байгалийн өгөгдөхүүн маш чухал нөлөөтэй. Боловсрол гэдэг бол мэдээллийн цуглуулга, уншсан номын овоолго ч биш. Сиситемчлэгдээгүй мэдлэг хэнд ч хэрэггүй, ердөө л овоолсон тоосго. Энэ тоосгоор ордон барьж чадаж байж боловсрол нийгэмд ач тусаа өгнө.