Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулсан “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” өндөрлөлөө.
Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай чуулганыг хааж үг хэлэхдээ гарсан үр дүнгийн талаар товч танилцуулав.
Чуулганы онцлох үр дүн:
-Монгол Улс бүс нутгийн орнууд болон олон улсын байгууллагууд, доноруудтай хамтран уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх бүс нутгийн хэмжээний уриалга гаргав.
-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Үндэсний тогтвортой санхүүгийн замын зураг”-ийг амжилттай батлав.
-Ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэхэд санхүүгийн салбарынхны санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэв. Банк, санхүүгийн байгууллагууд жил бүр хамгийн багадаа 2-3 тэрбум төгрөгийг энэ санд төвлөрүүлнэ.
-2021 оны эцсийн байдлаар нийт зээлийн 1.5 хувь буюу 300 гаруй тэрбум төгрөг байгаа банкны салбарын ногоон зээлийн хэмжээг 2030 он гэхэд 10 хувь буюу 5.1 их наяд төгрөг хүргэхээр тогтов.
-Банк бус санхүүгийн салбар ногоон зээлийн багцаа 2030 он гэхэд нийт зээлийн таван хувьд хүргэхээр тохиров.