Эрчим хүчний салбарын компаниудын хувьчлалтай холбоотой асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хөндлөө. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Гурван чиглэлээр төрийн өмчийн үйлдвэрийн газруудад бүтцийн өөрчлөлт хийхээр Засгийн газраас сүүлийн жил гаруй хугацаанд судалгаа хийж байна. Засаглалыг сайжруулах үүднээс 66-аас доошгүй хувьд нь төр хяналт тавиад 34 хүртэлх хувийг нь нээлттэй хувьцаат компани болгох замаар дотоодын биржээр гаргах бүтцийн өөрчлөлт хийе гэсэн. Үүнийг дахин дахин ярих юм бол хэзээ ч бүтцийн өөрчлөлт хийж чадахгүй. Бүгд амжилттай болох нь эргэлзээтэй. Амжилтгүй боллоо ч гэсэн хувьцаат компани болох бэлтгэл ажил нь тухайн компанийг шалгалтад оруулж, юу нь болж, болохгүй байгааг ил болгодог. Гэхдээ ихэнх компанид амжилттай хувьцаат компани болно гэдэгт итгэлтэй байна. Эрчим хүчний салбарын хувьд Диспетчерийн үндэсний төв ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас бусад эрчим хүчний компаниудыг хувьчилна" гэлээ.