Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ажиллаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг олон нийтэд танилцууллаа. Тэрбээр "Иргэд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг хуулийн үр дүн, хаврын тариалалт, хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээлийн талаар их асууж байна. Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч байгаа. Тухайлбал, нөөцийг мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд 130 тэрбум төгрөг, үндэсний гурил үйлдвэрлэгч нарт 100 тэрбум төгрөг буюу нийт 230 тэрбум төгрөгийн гурван хүүтэй зээлийг олгохоор болсон. Түүнчлэн нөөцийн махны үнийг хямдруулсан. Энэ жил нийт 12700 тонн нөөцийн мах бүрдүүлсэн бөгөөд 1600 орчим тонныг нь борлуулсан. Нөөцийн хонины мах кг тутамд 300 төгрөгөөр хямдарсан байгаа. Мөн гулуузаар нь худалдсан. Иргэдийн худалдан авалтын хэмжээ өндөр байна. Цар тахлын өмнө дулааны аргаар бэлтгэсэн тав орчим тонн махыг эхний ээлжид яаралтай БНХАУ руу гаргахад анхаарна. Саяхан нэг нааштай мэдээллийг Хөх хотын Консулын газраас гаргасан. Харин энэ жилийн хаврын тариалалтад 55 мянга орчим тонн үр хэрэгтэй бөгөөд үрийн хомсдол үүсэхгүй. Хүнсний ногооны тариаланчдад гурван хувийн хүүтэй зээлийг мөн олгож эхлээд байна. Засгийн газраас ноос, ноолуур бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдэд гурван хувийн хүүтэй 150 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ зээлээр аж ахуйн нэгжүүд ноолуурыг цаг хугацаанд нь өндөр үнээр авахаар бэлтгэж байгаа. Зүүн аймагт ноолуур хамгийн өндөр дүнтэй буюу 157 мянган төгрөгөөр худалдаж авсан. Нэг кг ноолуурын дундаж үнэ өнөө өглөөний мэдээллээр 100 мянган төгрөг байна. Засгийн газар ноолуурын үнэ улам өсөх суурь нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа" хэмээв.
Холбоотой мэдээ