“Улаанбаатар бол залуусын хот, тиймээс спортод элэгтэй байх ёстой”
5 сарын 23, 2022

  Урин дулааны улирал эхэлж, иргэд алхах, гүйх гэх мэт дасгал хөдөлгөөн хийх нь эрчимжиж байгааг та бүхэн анзаарч буй биз ээ. Тэгвэл иргэдийн энэ идэвх оролцоог үндэслэж, олон нийтийг дасгал хөдөлгөөнд уриалсан спортын өдөрлөгүүдийг нийслэл хотод олноор зохион байгуулж байна.

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх энэ бодлого иргэдийн дунд үгүйлэгдэж байсан чухал бодлого. Яагаад гэвэл манай улсын 15-59 насны иргэдийн 22 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, энэ насны иргэдийн 48.2 хувь нь дасгал хөдөлгөөн огт хийдэггүй гэдгийг Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох үндэсний дөрөвдүгээр судалгаагаар тогтоосон байдаг. Эрүүл амьдралын хамгийн эхний алхам бол дасгал хөдөлгөөн юм.

...Дэлхийн хүн амын нийт нас баралтын шалтгааны зургаан хувь нь хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй нас баралт байна гэдгийг судалгаагаар тогтоожээ. Хөдөлгөөний идэвхгүй байдал нь:

  • -Зүрх судасны өвчин
  • -Чихрийн шижин
  • -Хавдар
  • -Таргалалт зэрэг халдварт бус өвчнийг нэмэгдүүлж, дэлхий дахинаа жилд дунджаар 3-4 сая хүн хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлөөр нас барж байна.

Д.СУМЪЯАБАЗАР: НИЙСЛЭЛД СПОРТ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ АЖЛЫГ ҮЕ ШАТТАЙГААР ХИЙЖ БАЙНА

Иргэдийн дунд спортлог амьдралыг бий болгоход орчин хамгийн чухал. Тиймээс ч нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин болгон тохижуулж байна. Мөн дүүрэг бүрд спорт цогцолбор барихаар төлөвлөж буй. Эхний спорт цогцолбор Чингэлтэй дүүрэгт ашиглалтад орсон. Цаашид дүүрэг бүрд спорт цогцолбор, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор зорьж байна.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ тухайд:

-Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс “Илүүдэлгүй жингүй эртэч Монгол” уриалгыг гаргаж, аян зохион байгуулах бодлого гаргаж, улс орон даяар хэрэгжүүлж  байгаа. Өглөөний дасгал хөдөлгөөн гэдэг бол хүний биеийг цовоо, сэргэлэн, эрч хүчтэй байлгадаг онцлогтой. Эртэч байхын тулд байгалийн хуулиа дагаж, 23:00 цаг гэхэд унтсан байх шаардлагатай. 23:00 цагт унтсан хүн бол өглөөний 06:00 цагт цовоо сэргэлэн сэрнэ шүү дээ. Ер нь өвчлөлийн суурь шалтгаан бол дархлаа алдагдах. Дархлааг сайжруулахын тулд эрт унтаж, эрт босож, дасгал хөдөлгөөн хийх аваас аливаа өвчлөлөөр өвдөхгүй байх магадлал 50 хувь гэж хардаг. Эрүүл байх үедээ өөрийгөө хамгаалах нь нэн чухал.

Нийтийн биеийн тамир сууриасаа зөв хөгжих ёстой. Бүх нийтийн оролцоог хангаж, зориулалтын төхөөрөмж бүхий талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг олноор нь бий болгох ёстой. Энэ чиглэлд төр засгийн зүгээс бодит хөрөнгө оруулж, ард иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг өдөөх ёстой. Нийслэлд спорт цогцолбор байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Хүүхэд, залуучуудыг спортын суурьтай болгох, нийтийн биеийн тамираар хичээллэхийн давуу тал, илүүдэл жингийн уршгийг таниулсан, соён гэгээрүүлсэн ажлуудыг ч мөн орхигдуулж болохгүй. Иргэдийг мэдээллээр хангах нь мөн чухал. Сагс, хөл бөмбөгийн спортыг эрчимтэй хөгжүүлэх нь зөв юм. Хөл бөмбөг бол багийн спортын хаан. Тиймээс саяхан Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн талбай заслаа. Ер нь бол Сүхбаатарын талбай хүүхэд, залуус цугласан, чуулсан ийм л орчин байх ёстой. Нийтийн биеийн тамираас салаалсан спортын олон төрлийг нийслэлчүүдийнхээ сонирхолд нийцүүлэн зохион байгуулах болно.

 -Орчныг нь бүрдүүлээд өгчихвөл спортоор хичээллэх хүсэлтэй иргэд олон болсон байна. Та энэ чиглэлээр дүүргийн Засаг дарга нарт ямар үүрэг чиглэл өгч байгаа вэ?

-Зөвшөөрөлгүй барьсан гарааш болон байгууламжуудыг буулган, ногоон байгууламж, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа. Дүүрэг болгон спорт цогцолбортой болохын дээр хөл бөмбөгийн ордон, 3х3 сагсан бөмбөгийн талбай гэхчлэн нийт 160 орчим том, жижиг спорт талбайтай болгохоор зорьж байна.  Эдгээрийн 50 хувийг энэ жилдээ хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өмнөх талбайг тохижуулах, шинээр байгуулах гэх мэт ажлуудад нийтдээ 8 тэрбум орчим төгрөг шаардлагатай. Энэ жил төсөвт өртгийн тал орчим хувийг гаргаж, дүүрэг болгон 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна. 160 талбайгаас 160 баг гарна. Ирэх 2023 оны сагсан бөмбөгийн тэмцээнд тэр хэмжээний баг бэлтгэгдэн өрсөлдөнө гэсэн хүлээлт үүсэж байгаа юм.

-Энэ долоо хоногт Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн болно. Энэ мэт нийтийг хамарсан  олон сайхан тэмцээн уралдаан болоосой гэж хүсэж байна?

-Тэгэлгүй яах вэ. Нийт улаанбаатарчуудын хүсэлт ийм. Спортын тэмцээн уралдаанаас гадна соёл урлагийн арга хэмжээнүүд ч маш олон байгаа. Монгол-Япон, Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны ойд зориулсан соёл, урлагийн тоглолтуудыг нэрлэх байна. “Талын салхи” мотоциклчдийн уралдаан, Даншиг наадам гээд нийтэд зориулсан олон талт арга хэмжээг зохион байгуулахаар бэлдэж байгаа. Жудо бөхийн “Их дуулга” олимпын эрх авах тэмцээн Улаанбаатараас эхэлнэ. Тоочвол маш олон спорт, урлагийн арга хэмжээ бий. Улаанбаатар залуусын хот. Тиймээс спортод элэгтэй хот байх ёстой. Хүүхдийн паркаа гоё болгоно хэмээлээ.

ИРГЭД БИЕ БЯЛДРАА ЧИЙРЭГЖҮҮЛЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ ДАДАЛД СУУЖ БАЙНА


Энэ жил нийслэлийн төв талбайд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, UB cup буюу Улаанбаатар хотын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн, Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн гэхчлэн спортын олон тэмцээн, уралдааныг зохион байгуулж байгаа билээ. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлж буй төдийгүй спортоор дамжуулан ард иргэдээ эрүүл амьдралын хэв маягт уриалж байгаа хэлбэр юм. Энэ тухайд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө сэтгэгдлээ хуваалцлаа.

-Өнгөрсөн хоёр жилд цар тахлын улмаас спорт өдөрлөг, уралдаан тэмцээн хаалттай байсан. Энэ жилээс уламжлалт тэмцээн уралдаан, шинэлэг зүйлсийг сэргээж байна. Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос л гэхэд Улаанбаатар хотын лиг сагсан бөмбөгийн тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгуулж, нийслэлийн 190 сургуулийн 10 мянга гаруй хүүхэд оролцлоо. Мөн Улаанбаатар хотын волейболын тэмцээн, цэцэрлэгийн багачуудын дунд уран гимнастикийн тэмцээн, бүх дүүргийг хамарсан ахмад настнуудын сагс, волейболын тэмцээнийг зохион байгуулсан. Хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээн боллоо. Өнгөрсөн сард чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болсон. Ирэх зургаадугаар сард жудо бөхийн тэмцээн уралдаан болно. 3х3 сагсан бөмбөгийн тоглолт зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Тун удахгүй бүх нийтийг хамарсан Улаанбаатар марафон болно. Улаанбаатар марафонд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.

 

Ер нь анзаараад байхад иргэд эрүүл, зөв амьдралын хэв маягт хэдийнээ шилжсэн. Энэ хэрээр спорт заал, спорт цогцолбор, төвүүдийн хэрэгцээ Улаанбаатар хотод улам бүр нэмэгдсээр байна. Саяхан Чингэлтэй дүүрэгт спорт цогцолборыг нээлээ. Баянгол дүүрэгт удахгүй ашиглалтад орно. Дүүрэг бүр спорт цогцолбортой болчихвол иргэд бие бялдраа чийрэгжүүлж, эрүүл мэндээ хамгаалах дадалд суралцаж, олонход нь ийм дадал суусан байна гэлээ.

“СПОРТ ХҮНИЙГ ЭРҮҮЛ БАЙЛГАХААС ГАДНА ГОЁ ХАРАГДУУЛДАГ”

 

Иргэд  нийтийг хамарсан биеийн тамир, спортыг хөгжүүлэхийн ач холбогдлын талаар ийн өгүүлсэн юм.

  • -Сүүлийн үед л манайд нийтийн биеийн тамир хоцрогдоод байгаа болохоос хамгийн чухал зүйл. Гадаад орнууд, тэр дундаа Европт нас, хүйс харгалзахгүйгээр сагс, хөл бөмбөгийн талбайд өнждөг.
  • -Спорт амьдралын нэг хэв маяг шүү дээ. Хүнийг эрүүл байлгахаас гадна гоё харагдуулдаг.
  • -Хүмүүс фэйсбүүкт хүртэл нэгдээд баг болоод ууланд алхаж, спортоор хичээллэж байгаа. Үүнийг маш их дэмждэг. Хөдөлгөөн байхгүй бол амьдрал байхгүй.
  • -Талбай их гаргаж өгөх хэрэгтэй байгаа. Гэр хорооллуудад хөл бөмбөг, сагсны талбай байгуулж өгөөсэй гэж хүсэж байна...

Улс орон даяар “Илүүдэл жингүй эртэч Монгол” аян өрнөж байгаа. Аяны хүрээнд хоёрдугаар сараас зургаадугаар сарыг хүртэлх хугацаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээний спорт заалууд өглөөний 06:30-07:30 цагт үнэ төлбөргүйгээр иргэдэд үйлчилж байна. Цаашид энэ мэтчилэн иргэдийг спортлог амьдралд уриалсан олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр хотын удирдлагын баг зориод байгаа юм. Түүнчлэн иргэд өөрсдөө эрүүл амьдралын хэв маягийг чухалчилж, дадал болгохыг хичээж байна. Адаглаад л амралтын өдрүүдээр ууланд алхах, гүйх, дугуй унах гэх мэтээр спортоор хичээллэхийг чухалчилдаг болжээ. Тиймээс ч дүүрэг бүрд уулын аяллын маршрут гаргаж, спорт талбайнуудыг бий болгож байгааг энэ удаа онцоллоо. “Иргэн төвтэй Улаанбаатар”-ын нэгэн хэсэг нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ажил юм.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР