УИХ-ын нэгдсэн чуулганаар ойрын өдрүүдэд 2023 оны төсвийн хэлэлцэж байгаа билээ. Тэгвэл энэ үеэр Эрчим хүчний салбарт тулгамдаад буй асуудлын талаар Б.Чойжилсүрэн сайд хэд хэдэн ноцтой мэдээлэл өгөв. Энэ жил нийслэлчүүд хөгжлөөс бараг зуун жилээр ухарч лаа барьж тогоо хэмнэх хэрэгтэйг салбарын сайд анхааруулаад байгаа. Эртнээс лаа, шүдэнзээ бэлдээрэй гэдэг сургаар дэлгүүр хоршоогоор лаа ч олдохгүй байгаа аж. Бид яагаад ийм байдалд тулчихав аа. Өнгөрсөн жил ковидоос болж аж ахуй нэгж, айл өрхийн цахилгааныг хөнгөлсөн. Тэгвэл энэ хөнгөлөлт эрчим хүчний салбар урсгал зардлаа дийлэхгүйд хүрч, алдагдалд хүрэх гол шалтгаан болсон гээд байгаа. Гэхдээ одоогийн байдлаар хамгийн том шалтгаан нь нүүрсний уурхайнууд эргэлтийн хөрөнгөгүй болжээ. Тухайлбал, Багануурын уурхайд 61.3 тэрбум, Шивээ-Овоогийн уурхайд 33.3 тэрбум, Шарын голын уурхайд 14.6 тэрбум төгрөг гээд нийт 109.2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай болсон байна. Хэрэв ойрын хугацаанд энэ эргэлтийн хөрөнгийг шийдэхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй болоод байгаа аж. Товчхондоо эрчим хүч үйлдвэрлэх компаниуд тог нийлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн гэсэн үг. Дээр нь үйлдвэрийн сэлбэг хэрэгслийн үнэ нь 65 хувь хүртэл өсчээ. Асуудал үүгээр дуусахгүй. Оргил ачааллын үеэр ОХУ-аас Төв болон баруун бүэд худалдаж авдаг эрчим хүчний нийт 2022 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр ханшийн алдагдал 37.8 тэрбум төгрөг гарах хүнд нөхцөл байдал үүссэн байна. Ер нь нийтдээ Эрчим хүчний салбарт яаралтай 432.8 тэрбум төгрөг хэрэгтэй байгааг салбарын сайд нь чуулганы үеэр онцлов. Б.Чойжилсүрэн сайд “Эдийн засаг хүнд байгаа учраас айл өрхийн цахилгааны төлбөрийг нэмэхгүй. Харин аж ахуй нэгжийн цахилгааны төлбөрийг нэмнэ. Ойрын хугацаанд гал алдах болчихоод байгаа учраас аргагүй эрхэнд ийм шийдвэр гаргаж байна” гэдгийг хэлэв. Ингээд айл өрхүүд энэ өвөлдөө хааяа нэг тоггүй хонох ч ямар нэг хөнгөлөлтгүйгээр цахилгаанаа хуучин үнээрээ ашиглах юм байна. Харин аж ахуй нэгжүүдийг хэрэглээнээс нь хамаарч тухайлбал, цахилгааны хэрэглээ 5000 квт хүртэл бол 14 хувь, түүнээс дээш бол 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлэхээр тооцоо гарчээ. Ингэхдээ уул уурхай, банк, үүрэн телефоны операторууд 200 мянган квт хүртлээ 28 хувийн нэмэгдэлтэй, түүнээс дээш гарвал 38 хувийн нэмэгдэл төлбөр төлөх болох нь. Ингэснээр жилдээ 280 тэрбум төгрөг орлого олох юм байх. Тэгэхээр эрчим хүчний салбарын алдагдлыг аж ахуй нэгжүүд үүрэх нь тодорхой боллоо. Хэдийгээр эцэслэн шийдэгдээгүй ч салбарын сайдын “аргалнаа” гэсэн ерөнхий зураг аль хэдийнэ гарсан байна.
Д.СҮРЭН