“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд гадаадад суралцахаар мордлоо
11 сарын 3, 2022

Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангаж, МУИС болон ШУТИС-д бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан оюутнууд гадаадын их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо.

 

Энэ жил эхний ээлжид 256 оюутан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Австралийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс зэрэг 13 орны их, дээд сургуульд суралцах юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэлэгт хөтөлбөрийн эздийг үдэх ёслолд оролцон баяр хүргэж, сурлагын амжилт хүсэн ерөөв.


 

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Алс газар сурахаар явж байгаа оюутан залуус дэлхийн боловсрол эзэмшиж, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагчид” гэв.

 

Мөн гадаад улсад эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, бие биеэ хайрлаж, тусалж, дэмжиж, хүндэтгэж явж байхыг захилаа.