Ираны үндэсний шигшээ багийнхан оролцсон ДАШТ-ий дамжуулалтыг үзүүлэхээр эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг цэнгэлдэх хүрээлэн рүү оруулсан нь сүүлийн 39 жилийн түүхэнд гараагүй “онцгой үйл явдал” байлаа гэж Аль Ахрам сонин мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Ираны нийслэл дэх “Азади” цэнгэлдэх хүрээлэнд асар том дэлгэц суурилуулан, тоглолтыг шууд дамжуулж байгаа гэнэ. Иран, Испаний тоглолтыг үзэхээр 10 мянга гаруй хүн тасалбар худалдан авсан бөгөөд тасалбарын үнэ хоёр евро орчим байжээ.
Иран Улсад шашин шүтлэгтэй холбоотойгоор эмэгтэйчүүд цэнгэлдэх хүрээлэнд орох эрхгүй байдаг юм. “Цэнгэлдэх хүрээлэнд цугласан эрчүүдийн түрэмгий авираас эмэгтэйчүүдийг хамгаалах ёстой” гэж үзсэн исламын номлогчид эмэгтэйчүүдийг хөлбөмбөг үзэхийг эрс эсэргүүцдэг байна.
Харин энэ удаад хотын захиргааныхан тоглолтыг “гэр бүлээрээ үзэх”-ийг зөвшөөрснөөр ийнхүү эмэгтэйчүүд хөлбөмбөг үзэх эрхтэй болжээ.