ШЕЗ өөрийн баталсан журмаа зөрчин захиалгат залгамжлагчаа тодруулах “жүжиг” тоглож байна
6 сарын 11, 2019

ШЕЗ гэх байгууллага нэр хүнд, далайцын хувьд энэ нийгэмд шударга ёс тогтоох гэдэг асар их хариуцлагатай үүргийг хүлээдэг. Гэтэл ШЕЗ-ийн өнөөдрийн дүр төрх, шүүгчдийн нэр хүндийн талаар ярих ч хэрэггүй болсон аж.

ШЕЗ-ийн өнөөгийн удирдлага нь хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлбарлаж чадахгүй болтлоо баяжин аргагүйн эрхэнд ажлаа өгөх энэ эгзэгтэй мөчид тус байгууллагынхаа тамгыг хэн нэгэн “шударга” шүүгчид гардуулан өгөхийг хүсэхгүй байгаа бололтой. Иймээс өөрийн дараагийн захиалгат “залгамжлагч”-ийг тодруулах марафон үргэлжилсээр.

Гэтэл энэ “марафон” шударга зарчмаар явж байна уу, өөрсдийн баталсан журмаа хэрхэн баримталж буй нь хуулийн салбарынхны шүүмжлэлийг дагуулж энэ асуудал хэдийнээ тогооноосоо хальжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт, “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана” гэжээ. Гэтэл ШЕЗийн гишүүнд нэр дэвшүүлэх журмыг хуулиар нарийвчлан зааж өгөөгүйгээс ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгууль шударга явагдахгүй байна.

ШЕЗ-ийн энэ удаагийн сонгуульд анхан шатнаас 13 шүүгч, давж заалдахаас 4 шүүгч өрсөлдөн замын дундаас 2 шүүгч тус бүр нэрээ татсан. ШЕЗ-ийн өөрсдийн баталсан будлиантай журам нь 2 үе шаттай бөгөөд 50+1 гэдэг саналыг авч чадаагүй бол хамгийн өндөр саналтай 2 хүнийг дахин өрсөлдүүлнэ гэсэн заалттай. Гэтэл сонгуулийн дүнгээр Т.Мэндсайхан 95 санал авч, мөн хоёр шүүгч нь 53 оноо тус бүр авчээ. Ийнхүү гурван шүүгч дахин сонгон шалгаруулалтад орж, дахин 50+1 гэсэн саналаа авч чадсангүй. 50+1 гэдэг нь 180 саналаас дээш санал авч байж сонгогдох ёстой байлаа. Гэтэл тийм өндөр санал авсан шүүгч байсангүй. Ийнхүү “Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлнэ” гэдэг зарчмаар явсан сонгууль нь эцэстээ будлиан болж хувирлаа. Ийнхүү ШЕЗ өөрийн баталсан “будлиантай” журмаа зөрчин гуравдах шатны сонгон шалгаруулалт зарлан хамгийн өндөр санал авсан Т.Мэндсайхан, Насандэлгэр гэсэн хоёр хүний дунд сонгон шалгаруулалтыг 06 сарын 18-ны өдөр зарлалаа.

Журам зөрчин зөрчин хийсэн гуравдахь шатны сонгон шалгаруулалтыг зөвшөөрөх үндэслэл байна уу гэвэл ҮГҮЙ. Хамгийн шударга байх ёстой ШЕЗ ийнхүү хамгийн шударга бус сонгууль явуулж байна.

Бор гэртээ богд, хар гэртээ хаан гэдэг журмаар ШЕЗ өөрийн зуурсан будлиантай журмаар захиалгат жүжиг тоглож байгааг зогсоох цаг болсон аж. Шүүгчдийг саналаа ил өг гэж далайлган, хэн хэн шүүгч хэнд саналаа өгснөөр нь тэднийг барьцаалан, хэрэг наймаалцах нөхцлийг ч бүрдүүлчихжээ.

Хамгийн шударга байх ёстой ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ИЙНХҮҮ ХАМГИЙН ШУДАРГА БУС СОНГУУЛЬ хийж, журмаа зөрчсөн үйлдлийг зогсоох хэрэгтэй. Эс тэгвээс энэ нийгэмд шударга ёс хэзээ ч тогтохгүй, “Шударга бусын хонгил” үргэлжилсээр байх нь. Иймээс ШЕЗ-ийн гишүүнийг сонгох бүхий л процессыг журамлах эрх мэдлийг эрх бүхий албан тушаалтанд олгохыг нийгэм шаардаж байна.