С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих санал гаргажээ
5 сарын 9, 2018

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Тэднийг Оюутолгой гэрээ, Дубайн гэрээтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьсон.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг сар цагдан хорих хугацаа маргааш дуусч байгаа юм байна. Тиймээс тэднийг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах хүсэлтийг өнөөдөр прокуророос Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд ирүүлжээ. Тэднийг үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг шийдэх шүүх хурал маргааш өглөө 09:00 цагт тус шүүхэд товлогдсон байна.

Өнгөрсөн долоо хоногт прокурорын хүсэлтийн дагуу Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг дахин 15 хоног цагдан хорьж шалгах шийдвэрийг шүүхээс гаргасан. Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан билээ