Ой тогтоолтын Ази тивийн АШТ-ий 90 медалийн 67-г нь манай тамирчид хүртэв
10 сарын 7, 2019

Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 10-р сарын 05-06 хооронд Индонез улсын Бали аралд болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмдээнд 13 орны 133 тамирчид өрсөлдсөн бөгөөд манай улсыг төлөөлөн 16 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт амжилттай оролцон 90 медалиас 21 алт, 24 мөнгө, 22 хүрэл буюу нийт 67 медаль хүртлээ.

Багийн төрөл

Багийн нийлбэр дүнгээр Монгол улс (19818 оноо) аварга, 2-р байранд БНХАУ (13536 оноо), 3-р байр Индонез улс (12439 оноо)

Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр

Бага насны ангилалд

III байр Б.Жамбалбаярням 3474 оноо, II байр БНХАУ Ши Жамиан 4004 оноо, I байр Ш.Наранбат 4361 оноо цуглуулан аварга боллоо.

Өсвөр насны ангилалд

III байр ОУ-ын Мастер Г.Мянганбаяр 5799 оноо, II байр Их Мастер У.Солонго 6076 оноо, I байр Ажнай корпорацийн тамирчин ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 6993 оноогоор тэргүүллээ.

Насанд хүрэгчдийн ангилалд

III байр БНХАУ Танг Хуабин 5620 оноо, II байр Денк Фарма ХХК-ын тамирчин ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6402 оноо, I байр Их Мастер Б.Лхагвадорж 6423 оноогоор тэргүүллээ.

Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2017 оны Өсвөрийн дэлхийн аварга, Ажнай корпорацийн тамирчин, ОУ-ын Их Мастер Э Лхагвадулам тэргүүлж Ази тивийн аварга боллоо.

ДЭЛХИЙН РЕКОРД

“Хоёртын тоолол” төрөлд бага насны ангилалд Ш.Наранбат 30 минутад 3555 цифр, Өсвөр насны ангилалд У.Солонго 4809 цифр, “Олон багц” төрөлд Э.Лхагвадулам 978 хөзөр, “Тооны марафон” төрөлд Э.Лхагвадулам 1612 цифр тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

АЗИЙН МАСТЕР

Мөн Азийн Мастерийн болзолыг Б.Энхбаясгалан, Б.Жамбалбаярням, Б.Лхагвадорж, З.Тэмүүжин, С.Марал, Ш.Наранбат, Э.Мишээл, А.Должин, У.Солонго, Г.Солонго, Г.Мянганбаяр нар хангалаа.

Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 55 дахь тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 1004 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчилж байгаа аж.