З.Нарантуяа: “Холимог тогтолцоог дэмжинэ” гэж биднийг хуурч байгаад унагалаа
11 сарын 14, 2019

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.11.14/-ийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019 оны зургаадугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн явцад АН-аас санал болгосон “УИХ-ын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө санал өгнө” гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 59.4 хувийн саналаар дэмжигдсэнгүй.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлснээс хойш олонхын түрэмгийллээр явж ирсэн. Яг одоо бол олонхынхоо хүслээр Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өндөрлөх гэж байгаа нь харамсалтай. Улс төрийн бусад намтай зөвшилцөнө гэснээ үгүйсгэлээ. Үндэсний хэмжээний ийм том намынхан “ар хударгаар хуурдаг”-ийг харлаа. “Холимог тогтолцоог дэмжинэ” гэж биднийг хуурч байгаад унагалаа. Өнөөдөр бид зөвшилцөнө гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Сонгогчдын саналыг авахын тулд ирэх оны төсвийг баталсан. Өнөөдрийг хүртэл хамт байсан зөвшилцлийн ажлын хэсгийнхэнд. Бидэнд хийх ажил үлдээгүй учраас хуралдааныг орхилоо” гэх тайлбарыг өглөө.