Агаарын бохирдлыг бууруулах зорилготой сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарлагдлаа
1 сарын 24, 2020

БОАЖЯ, АХБ хамтран “Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хэвлэл мэдээллийн салбарын уран бүтээлчид, сэтгүүлчдийн дунд зарлалаа.

Тус уралдаан нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгаас хэрэгжүүлж буй урт болон дунд, богино хугацааны бодлого, үйл ажиллагааны талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл, хандлага, ойлголтыг төлөвшүүлэх, агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах болон агаарын бохирдлыг буурулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Уралдаанд ирүүлсэн сэтгүүл зүйн бүтээлийг дараах шалгуурыг үндэслэн, мэргэшсэн сэтгүүлч, БОАЖЯ болон АХБ-ны зөвлөхийн бүрэлдэхүүнтэй баг сонгон шалгаруулна. Үүнд:

  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон нийтийн мэдлэг, мэдээлэл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн чанартай, шинэлэг сэтгүүл зүйн бүтээл байх
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дэлхий дахинд болон үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, техник, технологийн шилдэг туршлага, шийдлийг таниулан сурталчилсан байх
  • Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулах талаар иргэн, ААН-ийн шилдэг туршлагыг судлах, олон нийтэд танилцуулж идэвхжүүлсэн байх
  • Уралдаанд зориулсан бүтээлийг өөрийн харьяалагдаж буй хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг сэдвийн хүрээнд тогтвортой, давтамжтай хүргэж, тодорхой үр дүнд хүргэх боломжийг бий болгосон эсэх

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны даваа гарагаас өмнө boajya.mne@gmail.com хаягаар ирүүлсэн байх.

Шалгарсан нэг бүтээлийг 2020 оны 2 дугаар сарын 20-нд зарлаж, өргөмжлөл 3 сая төгрөгөөр урамшуулах юм.