Дархан-Уул аймагт тусгаарласан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан
2 сарын 6, 2020

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан болон БНСУ-аас ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарч шинэ коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсоныг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: "Өглөө 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тоо өмнөх өдрөөсөө 3,857 тохиолдлоор нэмэгдсэн.

Бельгид анхны тохиолдол бүртгэгдээд байна. Анх Хятадаас гадна Тайландад анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш одоогийн байдлаар 24 улсад бүртгэгдсэн ч хилийн хяналтыг сайжруулснаар халдварыг гартаа авч дэлхийн хэмжээний дэгдэлт болохоос сэргийлж чадсан. Нийт тохиолдлын 80 хувь нь хөнгөн явцтай байна.

ДЭМБ-аас эмч, эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Манай улсад хоёрдугаар сарын 8-нд хувийн хамгаалах хэрэгслийн эхний ээлж ирнэ" гэлээ.

ЗТХЯ-наас зам, тээврийн салбарт хэрэгжиж байгаа зохицуулалтуудыг танилцууллаа.

Иргэний нисэхийн салбарт БНХАУ-руу аялах нислэгүүдийг цуцлаад байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 3, хоёрдугаар сарын 20, гуравдугаар сарын 2 нислэгийг цуцалсан.

Галт тэрэг цагийн хуваарийн дагуу явж байна. Монгол Улсын иргэдийг зайлшгүй ажилтай биш бол хилээр гаргахгүй.

Нэгдүгээр сарын 27-ноос эхлэн авто замын боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаж эхэлсэн. Өнөөдрөөс зөвхөн төмөр зам болон агаарын замаар зорчигч тээвэр явна.