Өнөөдрөөс эхлэн 75 хоног загас агнахыг хориглодог
4 сарын 1, 2020

Загасны үржлийн үед нь халдаж агнавал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай тул үржлийн /04.01-06.15/ хугацаанд загас агнахгүй байхыг БОАЖЯ-наас анхааруулж байна.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8-д жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ныг хүртэл загасыг үржлийн үед нь агнахыг хориглоно гэж заасан байдаг.

Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог байна. Уг хуулийг зөрчсөн хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгодог. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг өөрөөр тогтоосон байдаг.

Тухайлбал: Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Буйр нуурын загасыг жил бүрийн 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл,

Омоль загасыг жил бүрийн 8 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, Зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-наас дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, Алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл агнахыг тус тус хориглоно.