Ц.Насанбат: Өсвөр үеийнхний хар тамхины гэмт хэрэг нэмэгдэж байна
4 сарын 8, 2020

Прокурорын байгууллага энэ оны эхний улирлын байдлаар, нийт 1318 хэрэгт хяналт тавьж ажилласан тухай Улсын Ерөнхий прокурорын газраас өнөөдөр мэдээлэв.


Тодруулбөл, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийн 155, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засагтай тэмцэх газрын 144, Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 46, Мөрдөн байцаах албаны 46 хэрэгт хянажээ. Түүнчлэн АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын багийн 27 хэргийг хянасан байна. 


НПГ-ын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат, "Сүүлийн үед өсвөр үеийнхний хар тамхины хэрэглээ түгээмэл байгаа, энэ тоо нэмэгдэж байгаа харамсалтай дүн мэдээ байна. Үүнтэй тэмцэх нь зөвхөн хуулийн байгууллагын үүрэг биш, урьдчилан сэргийлэхэд төр засаг, олон нийтийн оролцоо чухал байгаа гэдэгт онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна" хэмээв. 


Прокурорын байгууллагаас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буюу хорио цээрийн дэглэмд шилжсэнтэй холбоотой 612 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс тогтоосон хязгаарыг зөрчиж ажил явуулсан гэх 222 аж ахуйн нэгж, хорио цээр, хөдөлгөөн хязгаарлах дэглэм зөрчсөн 217, олон нийтийг төөрөгдүүлэх, ташаа мэдээ түгээсэн 31, олныг хамарсан ажил зохион байгуулсан 10 зөрчил илэрснийг шалгаж харьяаллын дагуу шүүхэд шилжүүлжээ. 


Прокурорын байгууллагад энэ оны эхний улиралд ирсэн, мөн хянаж шүүхэд шилжүүлсэн зарим олны анхаарал татсан хэргийг талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Мөн Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, тус яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэргийг гуравдугаар сарын 31-нд яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

 

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч Аптанхуяг, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нарт холбогдох авлигын хэргийг хоёрдугаар сарын 18-нд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хялбаршуулсан журмаар шилжүүлсэн байна. Эл хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, эцэслэн шийдвэрлэжээ. 

 

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд зээл олгосон гэх хэргийн мөрдөн байцаах ажил дуусаж, прокурорын байгууллагад иржээ. 

 

Жаст группын захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг прокурорын байгууллагад ирснийг мөн шалгаж байна. Мөн цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр БНХАУ-ын 23 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийн мөрдөн байцаах ажил дуусаж прокурорт хянуулахаар ирснийг шалгаж ажиллаж байгааг мэдээллээ.