Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар зүүн, баруун жигүүрийг магнайллаа
4 сарын 28, 2020

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн Нацү башёгийн банцүкэ өчигдөр гарчээ. Өнгөрсөн сарын тэмцээнд Эзэн хааны цомыг 44 дэх хүртсэн ёкозүна Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийн тэргүүнд бичигдсэн бол 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд баруун жигүүрийг магнайллаа.

Цагтаа Эзэн хааны цомыг өргөж явсан экс озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зуны тэмцээнд макүүчид эргэн барилдахаар болсон нь сонирхолтой. Хүнд бэртлийн улмаас жонидан хүртэл уруудаад Тэрүнофүжи 13 башёгийн (хоёр жилийн) дараа дээд зиндаанд эргэн ирж байна. Харин Кирибаяма Б.Лхагвасүрэн маэгаширагийн барууны 3-аас, экс сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил зүүний 9-өөс барилдахаар болжээ.

Мөн жюүрёо зиндаанд долоо, макүшитад дөрөв, санданмэд зургаан монгол бөх хүч үзэх юм. Одоогоор сүмод коронавируст халдвар авсан долоон тохиолдол бүртгэгдээд буй тул хэдий тэмцээний банцүкэ гарсан ч башё болох эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Мэргэжлийн сүмогийн Нацү башё тавдугаар сарын 10-нд эхлэх ёстой байсан ч коронавирусын улмаас Сүмогийн холбоо 14 хоногоор хойшлуулсан билээ.