Барилгын ажил хийж байсан газар хавтан нурж, нэг хүн амиа алджээ
6 сарын 15, 2020

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажууд байх хуучин барилгыг нурааж шинээр барилга барих ажлын явцад даацын хана нурж гурван хүн дарагджэээ. Нэг хүн нас барж хоёр хүнийг эмнэлэгт хүргээд байгаа аж.

НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар: "Нийслэлийн СБД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт барилгын хавтан нурж хүн дарагдлаа гэсэн дуудлага 09:10 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын аврах ангийн нэг, хоёрдугаар анги ирж ажиллалаа. Нурангид гурван хүн дарагдаж, нэг хүн нас барлаа. Бид цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Гэмтсэн хоёр иргэнийг ГССҮТ-д хүргэлээ. Хэргийг шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна" гэж мэдээллээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр: "Өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдрийн 09:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагын 102 утсанд СБД-ийн 11-р хороонд барилга нурж, хүн дарагдлаа гэсэн мэдээлэл ирсэн.

Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын аврах 105 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллалаа. Мөн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна.

Засвар, үйлчилгээ явагдаж байсан барилгад гурван хүн дарагдсан бөгөөд аврах 105 дугаар ангийн алба хаагчид хоёр иргэнийг гаргаж, ГССҮТ-д хүргээд байна. Үлдсэн нэг иргэнийг гаргах ажлыг яг одоо зохион байгуулж байгаа" гэв.

Тус барилгын ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын захиалгаар "Хос бар" компани гүйцэтгэж байсан бөгөөд барилга дээр нийт 66 хүн ажиллаж байжээ.

Нуранги болсон хэсэгт дөрвөн ажилтан байсан бөгөөд иргэн Э тус газраас холдож амжсан бол 39 настай иргэн Ч болон 31 настай Б нар хүнд гэмтжээ. 50 настай иргэн барилгын нурангид дарагдаж амь насаа алдсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

Барилгыг цагдаагийн хамгаалалтад авчээ.