Гэртээ орж чадаагүй хүүхдүүд түр хамгаалах байранд байна
12 сарын 4, 2020

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах орон сууцны орцны жижүүр эмэгтэйгээс Covid-19-ийн халдвар илэрч, ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа. Түүний гурван хүүхдийг нь яаралтай тусгаарлан шинжилгээ авахад нэг хүүхдээс нь халдвар илэрч, ээжтэйгээ ХӨСҮТ-д эмчлүүлж байгааг албаныхан мэдээлсэн юм.

Харин дөрвөн настай, 17 настай хоёр хүүхэд нь Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж байгаад шинжилгээнүүд нь сөрөг гарчээ. Тэдний тусгаарлалтын хугацаа нь дуусч, гэртээ очиход байрны оршин суугчид нь дургүйцэж, гэрт нь оруулаагүй байна.

Энэ талаар Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгаалын газрын дарга Н.Өлзийхутагаас тодрууллаа. Тэрбээр “Одоо хоёр хүүхдийг манай байгууллагын харьяа Чингэлтэй дүүргийн түр хамгаалах байранд байлгаж байна. Биеийнх нь байдал хэвийн байгаа. Ээж нь Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны … тоот байрны орцны жижүүрээр ажиллаж байсан. Тэгээд халдвар авсан учраас ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Түүний гурван хүүхдийг нь яаралтай тусгаарлан шинжилгээ авахад нэг хүүхдээс нь халдвар илэрч, ээжтэйгээ ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.

Харин дөрвөн настай, 17 настай хоёр хүүхэд нь Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж байгаад шинжилгээнүүд нь сөрөг гарч, тусгаарлалтын хугацаа нь дуусаад, гэртээ очсон. Гэвч байрныхан оршин суугчид дургүйцээд гэрт нь оруулаагүйгээс байх газаргүй болсон. Цагдаагийн байгууллагаас хүүхдүүдийг эмнэлэг рүү шилжүүлсэн байсныг манай газраас хамгаалалтад авсан. Одоогоор нийслэл хотод эцэг, эх нь Covid-19-ийн халдвар авсны улмаас орон байргүй болсон өөр хүүхэд бүртгэгдээгүй” гэв. Хүүхдүүдийг гэрийн тусгаарлалтын хугацааг нь дуустал хүүхэд хамгаалах түр байранд байрлуулах гэнэ.