Орон нутагт гурван хүн авто ослоор нас баржээ
12 сарын 20, 2020

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өчигдөр /2020.12.19/ 15:40 цагт  Маяти-2 загварын ачааны автомашин онхолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гурван  км зам туулан  15:45 цагт очиж, 33 настай, эрэгтэй Б нь  автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсан тул эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт  Тээврийн цагдаагийн албанд  зам тээврийн ослын шинжтэй 792 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас 20 хүн гэмтэж, орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.

Зам тээврийн ноцтой ослоос дурдвал:

  • Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р багийн нутаг, дөрвөн замын уулзвар дээр асфальтан замд "Хьюндай старекс" маркийн автомашины жолооч Б явган зорчигч 72 настай, эмэгтэй, Ц-г мөргөж, амь насыг нь хохироосон,
  • Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант баг, Улаанбураа гэх газар (сумын төвөөс зүүн урагш 50 км) шороон замд улсын дугааргүй "Мустанг-5" маркийн мотоцикл онхолдож, зорчигч 27 настай, эмэгтэй Ж-ийн амь нас хохирсон,
  • Дорнод аймгийн Чойбалсан сумын 2-р баг, 216 гэх газар (аймгийн төвөөс зүүн хойш 30 км) шороон замд хувийн эзэмшлийн "Tоёота марк 2" автомашины жолооч У согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч 32 настай, эрэгтэй Х-ийн амь нас хохирсон,

Мөн хяналт, шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 121 зөрчил илрүүлсний 78 нь нийслэлд, 43 нь орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.