БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод 31 тохиолдол нэмэгдэж бүртгэгдлээ
12 сарын 21, 2020

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 20-нд улсын хэмжээнд 5,969 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнд коронавирус илэрлээ. 31 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн бол нэг нь арванхоёрдугаар сарын 19-нд Франкфуртийн онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн халдварын тохиолдол 62 болж байна.

 Эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн, үйлчилгээ авсан иргэд халдвар авсан байгаа боловч иргэдийн оршин суудаг хаяг нийслэлийн дүүрэг бүрд байгаа юм. Тиймээс нэлээн өргөн хүрээтэй халдвар гэж ойлгож болно. Батлагдсан тохиолдлуудыг гэрийнх нь хаягаар ангилж харвал:

  • БЗД-т оршин суудаг 50
  • БГД-т оршин суудаг 2 
  • Налайх дүүрэгт оршин суудаг 1
  • СХД-т оршин суудаг 2
  • ХУД-т оршин суудаг 1
  • Чингэлтэй дүүрэгт оршин суудаг 5 тохиолдол байна.

Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал 1,136 хүнийг илрүүлэн тандалт, шинжилгээ хийж байна" гэв.