Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид, эрүүл мэндийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулах явцад ХСҮТ-ийн тохиолдлыг илрүүлжээ
12 сарын 26, 2020

Хавдар судлалын үндэсний төвд 277 эмч, эрүүл мэндийн ажилтан, 201 өвчтөн, 44 сахиур байгаагаас эрчимт эмчилгээний тасагт нэг хүн маш хүнд, таван хүн хүнд байгааг ЭМЯ-ны яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ. Тэрбээр "ХСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. Өчигдөр эмч нар зөвлөгөөнөө хийгээд яаралтай гурван мэс засал орсон, гаднаас эмч, эмнэлгийн ажилтан орох шаардлагагүй. Зайлшгүй шаардлагаар тус төвийг тусгаарлах болвол хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө өмнө нь хийгдсэн. Тус төлөвлөлтийн дагуу явж байна.

Шилжүүлэх боломжгүй нэг үйлчилгээ нь туяа эмчилгээ бөгөөд хүндрэл учирвал урсгалыг нь өөрчлөөд үргэлжүүлэх боломжтой. Бусад эмнэлгүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. Эрүүл мэндийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд болон эрүүл мэндийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж, энэ хүрээнд ХСҮТ-ийн тохиолдлыг илрүүлсэн” гэв.