Сэлэнгэ: Оргилуун дарс, вино, шар айраг худалдахыг зөвшөөрөв
12 сарын 28, 2020

Cэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өнөөдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал дарс, шар айраг худалдан борлуулахыг зөвшөөрсөн захирамж гаргажээ. Тодруулбал, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний татан авалттай холбогдуулан аймгийн хэмжээнд 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал 11:00-16:00 цагийн хооронд дарс, оргилуун дарс, шар айраг худалдан борлуулахыг зөвшөөрсөн байна. Харин энэ хугацаанд архи худалдан борлуулахгүй болно.

Өчигдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1486 иргэн хавьталын судалгаанд бүртгэгдэж, 1068 иргэний хяналтын хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гарсан байна.  Сүхбаатар суманд 119, Алтанбулаг суманд гурав, Мандал суманд гурав, Ерөө суманд нэг, Сайхан суманд нэг, Улаанбаатар хотод нэг хүн эдгэрч, нийт 128 хүн гэрийн ажиглалтад шилжээд байна.

Сэлэнгэ аймгийн тухайд сүүлийн өдрүүдэд халдварын тархалт  хумигдаж, батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.  Урьдчилан сэргийлэх үүднээс Сүхбаатар, Алтанбулаг суманд бүх нийтийн хатуу хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгаад буй.