ЭМ-ийн 5 ажилтан, Ачтан эмнэлгээс 16, "Тэнүүн-Огоо" компанийн 5 жолооч, ҮЦХ-ийн 2 ажилтан болон бусад голомттой холбоотой нийт 41 халдвар илэрлээ
1 сарын 6, 2021

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 нэгдүгээр сарын 5-ны өдөр улсын хэмжээнд нийт 16,377 хүнд PCR шинжилгээ хийхэд 41 хүнд халдвар илэрсэн. 41 тохиолдол бүгдээрээ нийслэл хотод бүртгэгдсэн бөгөөд 5 тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтнууд байна. Тухайн ажилтнууд халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлээд ажиглалтад байх хугацаандаа халдвар илэрлээ. Бусад 36 тохиолдол нь халдварын голомтуудад бүртгэгдлээ. Тодруулбал,

  • Өчигдөр Ачтан эмнэлэг дээр халдварын шинэ голомт бүртгэгдсэн. Ачтан эмнэлгийн эмч, ажилчид есөн хүн халдвартай нь батлагдсан бөгөөд тэдний гэр бүл, ажлын газрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулахад гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрч, тус эмнэлэгтэй холбоотой нийт 16 тохиолдол бүртгэгдлээ. Өчигдөр Ачтан эмнэлгийн эмч ажилчдыг тусгаарлах ажиллагааг зохион байгуулсан.
  • Тэнүүн-Огоо компанийн хоёр жолоочоос халдвар илэрлээ. Мөн тусгаарлалтад байсан гурван жолооч гээд нийт таван жолоочоос халдвар илэрлээ. 
  • Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан тул цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна. 
  • БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой дам байдлаар үүссэн халдварын хавьтлуудаас бусад халдвар илэрлээ. Тухайн тохиолдлууд бүгд тусгаарлалтад байсан. 

Сүүлийн 24 цагт гурван хүн эдгэрч, гэртээ гарлаа. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,349 болсон бол үүнээс 884 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 413 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 13, хүндэвтэр 138, хөнгөн 297 байгаа" гэв.