Хавьтлуудаас 39, "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд халдварын 10 тохиолдол илэрчээ
2 сарын 18, 2021

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 40,217 хүнд шинжилгээ хийж халдварын 49 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 49 тохиолдлыг өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд болон "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд 39 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 10 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. 

Энэ сарын 11-нээс хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 37 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой юм. Шинжилгээний явцад 19 тохиолдлыг илрүүлэн улмаар хавьтлуудыг нь тусгаарлан шинжилэхэд 18 тохиолдол илэрч нийт 37 тохиолдол болоод байгаа. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 209,336 хүнийг шинжилгээнд хамруулж нийт 37 халдварын тохиолдлыг илрүүлээд байна. Эдгээр тохиолдол нь:

  • БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
  • БЗД-ийн 26 дугаар хороо
  • СБД-ийн 18 дугаар хороо
  • СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо
  • ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
  • ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ. 

Сүүлийн 24 цагт 25 хүн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,493 болсон бол үүнээс 1,802 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 678 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 86, хөнгөн 584 байна" гэв.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.