Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сунгаа эхэллээ
3 сарын 13, 2021

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сунгаа өнөөдрөөс (2021.03.13) албан ёсоор эхэлж байна. Энэхүү сунгаанд Э.Бат-Үүл, н.Уртнасан нар өрсөлдөж байгаа аж. Мөн нийслэлийн төвийн зургаан дүүрэг болох Баянгол, Баянзорх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын даргад өрсөлдөгчдийн сунгаа ч эхэллээ. Тиймээс дээрх нэр дэвшигчид өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Ардчлсан намын гишүүдтэй цахимаар уулзалт хийснээр сунгаагаа эхлүүлсэн байна.

Сунгаа дөрвөн өдөр үргэлжилж, гуравдугаар сарын 17-нд нийслэл болон төвийн зургаан дүүргийн Ардчилсан намын даргыг сонгох сонгууль нь болох юм.

Хоёр хоногийн өмнө Э.Бат-Үүл Нийслэлийн Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэх болсон үндэслэлийг тайлбарласан. Тэрбээр “Би Нийслэлийн намын даргад нэрээ дэвшүүлж байгаа олон шалтгаан бий. 2016 оноос хойш дараагийн бүрэн эрхийг дуустал найман жилийн хугацаанд нийслэлд ажил хийсэнгүй. Бидний эхлүүлсэн ажил бүгд зогссон. Тиймээс энэ миний нэр дэвших шалтгаан гэж үзэж болно. Мөн нэг шалтгаан нь Дээд шүүхийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас Ардчилсан намын дотор нэлээд төвөгтэй, зөрчилтэй байдал үүссэн. Уг нь Үндсэн хуулиар шүүх гэдэг бол үүссэн маргааныг шийдвэрлэх эцсийн шат байдаг. Дээд шүүх энэ үйл ажиллагаагаа хийгээгүйгээс болоод манай нам дотор зөрчилтэй байдал үүссэн. Энэ асуудлыг бид шийдэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2024 оны сонгуульд ч эрсдэл үүсч мэдэхээр байна. Тиймээс би энэ намын гол зүрх, хүндийн төв болсон нийслэлийн АН-ын даргад нэрээ дэвшүүлж байна. Хэрвээ энэ сунгаад амжилт үзүүлбэл энэ намыг нэгтгэх том үйл ажиллагаанд нийслэлийн намыг дайчилж ажиллана гэсэн хүсэл зорилго байгаа.