Хөвсгөл аймагт нэмж гурван хүнээс халдвар илэрлээ
3 сарын 19, 2021

Хөвсгөл аймгийн Цэцэрлэгт суманд Covid-19-ийн халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор ойрын болон дам хавьтлууд, төрийн албан хаагчдыг PCR шинжилгээнд хамруулж байгаа юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус аймагт нийт 375 хүнд халдвар илрүүлэх PCR шинжилгээг хийлээ. Ингэхэд Мөрөн болон бусад сумаас тандалтын зорилгоор 317 иргэнээс авсан сорьцод эерэг тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 58 иргэнээс PCR шинжигээний сорьц авч шинжилгээ хийхэд гурваас нь  Covid-19-ийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Хөвсгөл аймагт батлагдсан Covid-19-ийн халдварын тохиолдлын тоо 10 боллоо.

Аймгийн Эрүүл мэндийн газар болон Зоонозын өвчин судлалын төвийн хамтарсан баг ажиллаж, Цэцэрлэг суманд тандалтын үйл ажиллагааг явуулж ойрын болон дам хавьтлыг тогтоон бүрэн хяналтанд авлаа. Батлагдсан тохиолдлуудын хавьтлын судалгааг үргэлжлүүлэн хийж байна.