Мянганы сорилтын хоёр дахь компакт гэрээ хүчин төгөлдөр боллоо
4 сарын 1, 2021

Улаанбаатар хот, 2021 оны 3 дугаар сарын 31

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болж, Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхэллээ.

“Өнөөдөр бид Улаанбаатар хотын ирээдүйн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж, цаашид эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ хүчин төгөлдөр болж, Компакт гэрээг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор эхэлж буйг дуулгаж байгаадаа баяртай байна” гэж Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Монголын Мянганы сорилтын сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг мэдэгдэв. Тэрээр “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид Компакт гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдсан болзолт нөхцөлүүдийг биелүүлэхийн зэрэгцээ Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн бэлтгэлийг хангаж ажиллалаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй олон бэрхшээл тулгарсан ч эрсдэлийг цаг тухайд нь үнэлж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсны үр дүнд Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлж, төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөсөн хугацаандаа эхлүүлэх боломжийг ийнхүү бүрдүүллээ” хэмээн тэмдэглэв.

Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Содонтогос “Компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатар хотод ус хангамжийн хоёр шинэ үйлдвэр байгуулах ажлыг бодитоор эхлүүлэх илүү хариуцлагатай цаг үе өнөөдрөөс эхэлж байна. Бид энэ төсөл, хөтөлбөрийг таван жилийн хугацаанд багтаан бүрэн хэрэгжүүлж дуусгах учиртай. Үүний тулд дараах хоёр хүчин зүйлийг онцгой анхаарч ажиллана. Нэгдүгээрт, цаг хугацаа. Компакт гэрээ хэрэгжүүлж буй бусад улс орноос ялгаатай нь Монголд барилгын улирал харьцангуй богино. Тиймээс бид эрсдэлийн өндөр мэдрэмжтэйгээр, хийх ажлаа нарийн төлөвлөн, цаг хугацаатай уралдаж ажиллана. Хоёрдугаарт, чанар. Чанар манай эрхэм зорилго байх болно. Чанартай сайн үйлдвэр барихын тулд сайн компаниудыг сонгон шалгаруулж, Ковид-19 цар тахлын нөлөөлөл болон бусад аливаа эрсдэлийг урьдчилан тооцож, сэргийлж ажиллана. Монголын Мянганы сорилтын сан нь Засгийн газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн засаг даргын тамгын газар, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн хамтын хүч, харилцан ойлголцолд түшиглэн, өмнөө тулгарах аливаа саад бэрхшээлийг давж, Компакт гэрээг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр 2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.