Улаанбаатар хот, Буянт-Ухаа болон улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар уртасгасан цагаар ажиллаж эхэллээ
5 сарын 6, 2021

Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар болон улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар энэ оны тавдугаар сарын 6-наас зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл 08:30-20:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллах болсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин Улаанбаатар хотын хөдөлгөөнд хязгаарлалт хийснээс иргэд, аж ахуйн нэгжийн хуримтлагдсан бараа, бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулж төрийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах зорилгын дагуу ийнхүү ажиллах аж.