Жил бүр таван оюутан Хонконгийн их, дээд сургуульд тэтгэлэгээр суралцана
6 сарын 19, 2021

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн Боловсролын нарийн бичгийн дарга Кевин Йеунгтэй энэ сарын 17-нд уулзаж боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тодорхой асуудлаар санал солилцжээ. Талууд цаашид хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Мөн уулзалтын үеэр нарийн бичгийн дарга Кевин Йеунг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Хонконгийн Боловсролын газар хооронд байгуулж буй санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичигт манай талаас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гарын үсэг зурсан бөгөөд энэ өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Энэхүү баримт бичгийг байгуулсны үндсэн дээр Хонконгийн Засгийн газраас “Бүс ба Зам–Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөрийг шинээр бий болгож, уг тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2022 оноос эхлэн жил бүр Хонконгийн их, дээд сургуульд суралцах тав хүртэлх монгол оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгох юм байна. Нэг оюутны сургалтын төлбөр 200 сая төгрөг ажээ. Дашрамд дурдахад, Азийн топ 10 их сургуулийн гурав, дэлхийн топ 100 их сургуулийн тав нь Хонконгод байдаг юм.