Дөрвөн улс руу сунгалттай паспортоор зорчихгүй гэв
5 сарын 17, 2018

Өнөөдөр Гадаад харилцааны яамнаас “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал зохион байгуулж, өнгөрсөн сард манай улсын гадаад харилцааны салбарт өрнөсөн голлох үйл явдлууд болон паспортын сунгалтын талаар мэдээлэл өглөө.

Сүүлийн үед гадаад паспортоо сунгуулсан иргэдийг хэд хэдэн удаа хил дээрээсээ буцаасан тохиолдол гарсан. НҮБ болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ОУИНБ)-аас 2016 онд гадаад паспортод сунгалт хийхгүй байх шийдвэр гаргасан. Үүний дагуу Монгол Улс энэ оны нэгдүгээр сарын 3-наас эхлээд гадаад паспортын сунгалтыг зогсоосон. Энэ өдрөөс өмнө сунгалт хийлгэсэн паспорт хугацаа нь дуустал хүчинтэй. Саяхан БНКУ-ын хилээс Монголын иргэнийг сунгалттай паспорттой байсан тул нутаг буцаасан хоёр тохиолдол гарсан.

Гадаад харилцааны яамнаас БНКУ, Их Британи болон Иран, Өмнөд Африк руу сунгалттай паспортоор зорчихгүй байх нь зөв гэсэн зөвлөмж гаргаад байна. Иргэд цаг зав, мөнгө хөрөнгөөрөө хохирохоос сэргийлэх үүднээс ГХЯ өөрийн албан ёсны цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан сэрэмжлүүлэг хүргэж байна. Иргэд ч өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах үүднээс дээрх дөрвөн улсад зорчих тохиолдолд шинэ паспорт авах аж.