НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: Хүний амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан зарим албан тушаалтанд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлнө
7 сарын 4, 2021

Коронавирусийн халдвартай иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй эмнэлгийн гадна нас барсан хэрэгтэй холбогдуулан зарим албан тушаалтанд хариуцлага тооцох болсныг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээллээ. Тэрбээр "Энэ хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас шуурхай ажлын хэсэг гарган ажиллаж байна. Анхан шатны тусламж үзүүлэхдээ хайнга хандаж, хариуцлагагүй үйлдэл гаргасан Түргэн тусламжийн төв, Энэрэл эмнэлгийн удирдлагууд болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга н.Мөнхдэлгэр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авах болно.

Мөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь хувийн хэвшлийн байгууллага. Тиймээс дүүргийн нэгдсэн эмнэлгийн ТУЗ-д менежментийн багийг өөрчилж, ажлаа сайжруулах шаардлага хүргүүлнэ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт удаа дараа ийм үйлдэл болж байгаа учраас арга хэмжээ авах болсон.

Цаашид энэ хэргийг хуулийн байгууллага шалгана. НЭМГ-ын зүгээс талийгаачийн ар гэрээс уучлал хүсч байна” гэлээ.