ЭХЯ: Агаарын шугамд тугалган цаастай, 13 м урт материал тохогдсоны улмаар эрчим хүчний доголдол гарсан
7 сарын 8, 2021

Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд өчигдөр (2021.07.07) гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч, Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчид цахилгаанаар хязгаарлагдсан юм.

Эрчим хүчний яамннаас мэдээлснээр, өнгөрсөн Лхагва гаригийн 15.28 цагийн орчим Гурвалжингийн гүүрний ойролцоо Дундгол цахилгаан дамжуулах агаарын шугамын 29 дүгээр тулгуурт барилгын тугалган цаастай, 13 метр урттай материал тохогджээ. Үүний улмаас В, С фазын хооронд богино залгаа үүсч, технологийн хамгаалалтууд ажилласнаар төвийн бүсийн зарим хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч хязгаарлалтад оржээ.