Ачаа тээврийн зардал гурав дахин буурна
8 сарын 5, 2021

Замын-Үүд дэх боомтын зөвлөлөөс  өнөөдөр /2021.08.05/ Замын-Үүдэд гацсан 30 мянган тонн ачааг татаж авахад ямар асуудал тулгарч байгаа асуудал болон үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Б.Отгонсүх “Гаалийн байгууллага хурдан шуурхай ажиллахыг хичээж байна. Хяналт,шалгалт бүрдүүлэлтийг цаг тухайд  нь хийж өдөрт нь ачаа барааг эздэд нь олгох ажлыг хурдан шуурхай зохион байгуулаад ажиллаж байна. Өнгөрсөн 20 гаруй хоногийн хугацаанд нийтдээ импортын бараа бүтээгдэхүүн авто замаар 50-60 хувь өссөн бол ачаа барааны экспорт 10 орчим хувиар өссөн. Мөн энэ хугацаанд 747 вагон импортоор, экспортоор 2656 вагон орж ирсэн байна.  Экспортоор ачаатай  226 вагон, хоосон 2232 вагон гарсан.

20 хоногийн өмнө 50 мянган тонн орчим ачаа, бараа  Эрээний гааль дээр бөөгнөрсөн байсан учраас үүн дээр голчлон анхаарлаа хандуулж ажилласан. Өнөөдрийн байдлаар Урд хөршийн хилийн боомт дээр үлдсэн 20 мянган тонн  ачааг наймдугаар сард багтааж авчирна. 30 тонн ачааг эздэд нь хүлээлгэж өгсөн. Эрээний гаалийн орчимд 2000  машин байсан. Эдгээр машиныг нааш нь татсан. Замын-Үүд дэх боомтын зөвлөл Монгол Улсын Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу өчигдөр тээврийн зардлыг гурав дахин бууруулах шийдвэрийг гаргасан. Тодруулбал өнөөдрөөс эхлэн Эрээн-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн үнэ 10 сая төгрөг болж гурав дахин буурна. Тээврийн зардлын үнэ буурахад бусад бараа, бүтээгдэхүүний үнэ мөн дагаад буурна гэж харж байна” гэдгийг онцлов. 

Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун “Замын-Үүд дэх боомтын зөвлөлөөс  долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хэд, хэдэн ажлыг амжилттай зохион байгуулаад байна. Эхний ээлжид экспорт, импортын ариутгалын байгууламжийг байгуулсан. Ингэснээр улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийг олон улсын стандартын дагуу  ариутгах боломжтой болсон. Тус ариутгалын байгууламж нь нийтдээ 10 тонн бодисын нөөцийн савтай. 10 тонн бодисоор нийтдээ 1000 машиныг ариутгадаг. Ариутгалын байгууламжийн үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. Хоёрдугаарт хилийн орчимд байрлах хяналтын цэгийг сайжруулсан. Хяналтын цэг дээр улаан, шар, ногоон  бүсийг тогтоосон. Мөн хяналтын байруудын байрлалыг зөв урсгалд оруулж үйлчилгээ авах жолооч нарт ойртуулсан. Импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүн дээр зөрчил гарч байна. Тухайлбал, 24 ААН-ийн 541 тонн 325 кг 85167 ширхэг бараа бүтээгдэхүүн дээр Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон. Мөн хаяг, шошго нь тодорхойгүй зөрчилтэй 16 тонн хатаасан үзмийг улсын орлогод оруулсан. Гарал үүсэл нь тодорхойгүй, стандартын бус 12.6 тонн шар будааг устгасан. Мөн бичиг баримтын зөрчил, дутагдалтай хууль бусаар оруулж ирсэн цагаан будаа, нэг удаагийн амны хаалт, бээлийг хурааж устгалд оруулахаар ажиллаж байна" гэв.