Зам тээврийн ослоор 11 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ
1 сарын 21, 2022

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт нийт 1,141 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 894 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Зам тээврийн ослын улмаас нийт 18 осол бүртгэгдэж, 20 хүн гэмтэн, нэг хүн амиа алдсан байна. Үүнд, 

  • Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 13 осол бүртгэгдэж, 12 хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан.
  • Орон нутагт хүн гэмтэж бэртсэн нийт таван осол бүртгэгдэж, найман хүн гэмтсэн. 

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 272 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 194, орон нутагт 78 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ. 

Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрлээр анхааруулъя” арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. 

Уг арга хэмжээний зорилго нь  явган зорчигчийг зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулахад оршино. 2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсны 129 буюу 33.6% явган зорчигч байгаагаас нийслэлд 72 буюу 55.8%, орон нутагт 57 буюу 44.2% эзэлж байна. Мөн ослын улмаас гэмтсэн 2,475 хүний 1,095 буюу 44.2% явган зорчигчоос нийслэлд 875 буюу 79.1%, орон нутагт 220 буюу 20.1% эзэлж байна. Энэ нь зам тээврийн ослын улмаас нас барсан гураван хүн тутмын нэг, гэмтсэн таван хүн тутмын нэг нь явган зорчигч байгааг харуулж байна.

Энэ долоо хоногт нийслэлийн хэмжээнд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр 12 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.

Дээрх 12 ослын хоёр нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан бол долоо нь явган зорчигчийн гарцгүй хэсгээр зам гарч байгаад автомашинд мөргүүлж гэмтэж бэртсэн байна.


Сэтгэгдэл үлдээх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eren.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.