17 болон 19 настай охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчилжээ
2 сарын 14, 2022

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг баривчилжээ. Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Иргэн Ө гэгч нь бусадтай бүлэглэж насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг эрхшээлдээ оруулан гэртээ орогнуулж, зорчих эрхийг нь хязгаарлан цахим орчинд зар байршуулж бусдад хүчээр биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид гэмт этгээдүүдийн хууль бус үйлдлийг дайчлан баривчилсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, тухайн гэмт этгээдүүд нь цахим зарын групп сайтуудад 881*****, 892***** гэх дугааруудаар “sanhvv awna” гэх утгатай зар байршуулж, 17 болон 19 настай хоёр охиныг хүчээр биеийг нь үнэлүүлж төлбөр тооцоогоо бэлнээр болон дансаар авдаг байсан нь хохирогчдын мэдүүлгээр болон дансны орлого, зарлага, гүйлгээгээр нотлогдоод байгаа аж.

Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан, Монгол Улсын нэгдэн орсон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцын нэмэлт болох “Хүн, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай” протоколын 3-р зүйлд заасан хүнийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.