ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Төр засаг, ард түмнээрээ архидалтын эсрэг нэгдэн тэмцэцгээе
3 сарын 14, 2022

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганд оролцогсод эрэгтэйчүүдийн амьдралын чанар, оролцоо, манлайллыг дэмжихэд тулгарч буй сорилт, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг хамтдаа тодорхойлох байна.  Энэ хүрээнд “Эрэгтэйчүүдэд тулгамдаж буй зарим асуудал”, Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцүүлэг өрнүүлэн, зөвлөмж гаргах юм байна.

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс ишлэн хүргэж байна.

-Улс орны хөгжил дэвшил, гэр бүлийн амьдралд эрэгтэйчүүдийн үүрэг, хариуцлага, манлайлал маш чухал үүрэгтэй. Монголчууд бид эрт дээр үеэс эрчүүдээ “өрхийн тэргүүн, гэрийн эзэн” хэмээн хүндэтгэн ирсэн сайхан уламжлалтай. Айл өрх бол улсын үндэс, төрийн тулгуур юм.

-Бидний өвөг дээдэс монгол эр хүнийг эр зоригтой, эрдэм билигтэй, холч ухаантай, уужуу сэтгэлтэй, тэсвэр хаттай, ёс жудагтай, шударга журамтай, андгай тангарагтаа үнэнч, эх хүнд элбэрэлтэй байхыг сургаж, төр улс, түмэн олондоо өмөг түшиг болсон ноён нуруутай эрсийг “Эр хүн” хэмээн өргөмжилж ирсэн түүхтэй. Монголчууд бид эрт үеэс хуурч мэхлэх, зусардаж зальдах, урваж шарвах, ихэрхэж баярхах, хүчирхийлэн дээрэлхэх, сархдад самуурах, хулгай дээрэм хийх, хов жив хөөцөлдөх зэргийг адгийн араншин, хүний мөс чанарт харш хэмээн цээрлэж ирсэн заншилтай.

-“Нэр хугарахаар яс хугар” хэмээн манай ард түмэн ярьдаг билээ. Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн энэхүү ёс жудаг, зан заншил, үнэт зүйлсээ бид хэзээ ч мартах ёсгүй бөгөөд үеийн үед үр хүүхдүүддээ өвлүүлэн уламжлуулж байх учиртай. Харин бид өнөөдөр энэ зан заншил, захиа даалгавар, ёс жудгаа хэрхэн хадгалж, хэрхэн хамгаалж, хэрхэн авч яваа талаараа хэлэлцэн ярилцаж, тунгаан бодох цаг болжээ. Монгол эр хүн бол хань ижил, гэр бүл, үр хүүхдээ хайрлан халамжилж, улс орон, гэр бүлийнхээ төлөө хичээн зүтгэж, эх орноо батлан хамгаалах үүргээ ямагт ухамсарлан нэр төртэйгөөр амьдрах ёстой.

-Эрчүүд бидэнд санаа зовох зүйл чамгүй их байна. Засаж залруулах зүйл ч их байна. Зарим нөхөд маань эрүүл мэнд, ахуй амьдралаа хөсөрдүүлж, эр хүн, эцэг хүнийхээ үүрэг, хариуцлагыг умартаж, гэр орон, ажил үйлсээ эзэнгүйдүүлж, хань ижил, үр хүүхэд, гэр бүлээ зовоож байгаа явдал цөөнгүй байна. Манай улсын хүн ам өсөж, дундаж наслалт 70 нас болсон сайхан мэдээ байгаа хэдий ч эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү 1990 онд 5.8 жил байсан бол өнөөдөр 10 жил болж өөрчлөгдсөн байна. Энэ нь нэг ёсондоо эрэгтэй хүн эмэгтэй хүнээс 10 жилээр богино насалж байна гэсэн үг юм.

рдэмтэн, судлаачид дүгнэхдээ монгол эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй, хорт зуршилд хэт их автсантай шууд холбоотой бөгөөд энэ нь архи, тамхи, осол гэмтэл, сэтгэл гутрал, гэр бүл салалт, ажилгүйдэл болон эмх цэгцгүй, хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болж байна гэж үзжээ. Манай эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд зүрх судасны өвчин, хавдар, гэмтэл, хордлого ба гадны шалтгаант  эмгэг, амьсгалын замын болон хоол боловсруулах тогтолцооны өвчнүүд орж байна.

-Эр хүн хэр баргийн зовлонг даадаг, эр хүн өвддөггүй, эмэгтэй хүнээс долоон дор гэх зэрэг буруу үзэл, хэнэггүй байдал газар авснаас болоод эрэгтэйчүүд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эмнэлэгт эмчлүүлэх, эрүүл мэнддээ тавих анхаарал харьцангуй сул байна. Энэ бол туйлын хариуцлагагүй явдал бөгөөд эрчүүдийн амьдралын чанарт төдийгүй өрх гэр, улс үндэстний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж байна.

-“Эр амгалан бол гэр амгалан” гэж манай ард түмэн хэлдэг. Эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж, эх хүн, эмэгтэй хүн, үр хүүхдээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай

-Харамсалтай нь сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 97.4 хувь нь эрчүүд байгаа бөгөөд дийлэнх нь согтуугаар үйлджээ. Түүнчлэн жил ирэх тусам гэр бүл салалт нэмэгдэж, өрх толгойлсон иргэдийн 92.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эрчүүд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, ёс зүйгээ хангалттай ухамсарлахгүй байна гэж судлаачид дүгнэжээ.

-Архидалт хэзээ ч сайн сайхан зүйл дагуулдаггүй. Харин гай зовлон, хагацал, харууслыг л дагуулдаг. Эрчүүд бид архийг ууж байна гэж боддог. Тэгвэл үгүй ээ. Харин архи эрчүүд биднийг, өөрсдийг маань ууж байна.

-Тэгвэл өнөөдрөөс эхлээд улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө, монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлцгээе. Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, төр засаг, ард түмнээрээ архидалтын эсрэг нэгдэн тэмцэцгээе.

-Хань ижлээ, хайртай хүмүүсээ, үр хүүхдээ, гэр бүлээ, эцэг эхээ, эх орноо гэсэн чинхүү сэтгэл танд байдаг бол хатуу бор сархдаас татгалзъя, тэнгэр заяат эрчүүдээ.