Хүүхдийн паркийг хүн бүрд нээлттэй байлгах үүднээс хашааг нь буулгаж эхэллээ
3 сарын 18, 2022

Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газрыг зориулалтын дагуу ашиглах, нийслэлийн иргэн бүрд нээлттэй байлгах  үүднээс хашаа, хайсыг буулгаж эхэллээ. ҮСАХ нь нийслэлийн иргэдэд хамгийн ээлтэй орчин байх ёстой гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр хашаа, хайс буулгах ажлыг эхлүүлэх үедээ онцолсон юм.

 

Тэрбээр “ҮСАХ нь анх Хүүхдийн парк нэртэйгээр 1965 онд ашиглалтад орж байсан. Түүнээс хойш нийслэлчүүдийн ирэх дуртай газрын нэг байсаар ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд иргэдийн хүссэн хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсангүй. Тийм учраас “Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд юун түрүүнд паркийн хашааг буулгаж байна. Соёл амралтын хүрээлэн нь хашаатай, иргэд нь орж чаддаггүй ийм хот дэлхийн хаана ч байхгүй. Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх  эхний алхам нь хашаа, хайснаас салгах юм. Өнгө үзэмж муутай, өндөр сараалжин хашаа барьснаас болж иргэд парк руу нэвтэрч чадахгүй олон жилийг үдсэн.

Нөгөөтээгүүр бид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ. Өмнө нь Улаанбаатар хот хөрөнгөгүйгээс хөгжлийн хувьд урагшлахгүй өнөөдрийг хүрсэн. Хотын даргын ажлыг хүлээн авахад 2021 оны  хотын хөрөнгө оруулалтын хэмжээ 29 тэрбум төгрөг л байсан. Тэгвэл  2022 онд 900 тэрбум болгон өргөжүүлж чадлаа. Тиймээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрээр бүтээн байгуулалтыг илүү далайцтай өрнүүлнэ. 2022 он бол бүтээн байгуулалт өрнөж, ажил ундарсан жил байх болно. Зөвхөн ҮСАХ-д гэхэд энэ онд нийслэлээс арваад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Парк бол Улаанбаатар хотын уушги. Гэтэл ногоон байгууламжгүй, тав тухтай орчингүйн дээр хашиж, хааснаас болж паркийг иргэдэд зориулаагүй мэт,  иргэдийнх биш юм шиг болсон. Тиймээс ҮСАХ-ийн захиргаанд шуурхай ажиллаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард яаравчлан эхэл гэсэн үүргийг өгсөн. Гүйцэтгэлийн хяналтыг илүү өргөн хүрээнд тавина. Иргэд ч бүтээн байгуулалтад хяналт тавих хэрэгтэй” гэсэн юм.

 

Нийслэлийн Засаг даргын зүгээс ҮСАХ-гийн газарт нэг ч барилга, байшин бариулахгүй гэдгийг мөн үеэр амласан.

ҮСАХ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр:

 

-Манай ҮСАХ нь нийтдээ 31 га газартай. Эхний ээлжийн хөгжүүлэлтийн дагуу өдгөө 14.89 га талбайд 22 тоглоомтойгоор ажиллаж байгаа. Энэ ондоо багтаж дөрвөн  шинэ тоглоом, ирэх 2023 онд дахин 5-6 шинэ тоглоом суурилуулж хүүхэд, залууст үйлчлэхээр төлөвлөсөн.  

Түүнчлэн хөгжүүлэлтийн II шатыг энэ онд эхлүүлнэ. Гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол үйлчилгээ болон худалдаа үйлчилгээний төвүүд, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барих юм. Ингэснээр ҮСАХ-д дөрвөн улирлын турш ажилладаг үйлчилгээний газруудыг нээнэ. Үлдэж буй газрыг бүхэлд нь Улаанбаатар хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байдлаар хөгжүүлэхээр төлөвлөсөн. Хашаа, хайсыг буулгаснаар иргэд дуртай үедээ ирж салхилах, хүүхэд залуус спортын олон төрлөөр хичээллэх боломж бүрдэнэ. Хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбайтай болно гэлээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР