Ч.Наранбаатар: Барилгын материалын үнийн өсөлтийг шийдвэрлэж, төсөвт тодотгол хийхгүй бол цаашид ажиллах боломжгүй
3 сарын 22, 2022

Улсын төсвөөр барилга барьж буй компаниудын төлөөлөл өнөөдөр буюу гуравдугаар сарын 21-нд хэвлэлийн хурал хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Сангийн сайд Б.Жавхлан нарт хугацаатай шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Тодруулбал, Коронавирусний цар тахлаас үүдэн эдийн засгийн хүндрэл үүсэж, барилгын материалын үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор улсаас гаргаж буй төсвөөр барилгын ажил явуулахад хүндрэлтэй байгаа талаар 21 аймаг, 9 дүүрэг дэх барилгын компаниудын төлөөлөл үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлах тухайгаа мэдэгдэв.

Энэ үеэр барилгын компанийн төлөөлөл Ч.Наранбаатар “Өнөөдрийн байдлаар барилгын салбарт 8000 гаруй аж, ахуй нэгжид 150 мянга гаруй хүн ажиллаж байна. Барилгын материалын үнийн өсөлтийг шийдвэрлэж, төсөвт тодотгол хийгээгүй учраас эдгээр ажилчид барилгын ажлаа  цаашид хийх боломжгүй болоод байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийж байгаа компаниудын үйл ажиллагаа маш хүндрэлтэй нөхцөл байдалтай нүүр тулсан. Барилгын салбар 100 хувь хувьчлагдсан. Бид улсын ажлыг төсвийн хязгаартай хийдэг. Харамсалтай нь ажил батлагдсан төсөвт өртөгтөө багтахаа больсон. Үнийн суурь өсөлтийн тарифыг шинэчилж өгөөгүйгээс болоод барилгын компаниуд алдагдал хүлээж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо” гэв.

Өнгөрсөн жил улсын төсвөөр ажил гүйцэтгэсэн компанийн 97 хувь нь алдагдалд орсон байна. Тиймээс тэдгээр компаниуд алдагдлаа нөхүүлэхийг хүсч байна. Үүний тулд ойрын хугацаанд улсын төсөвт тодотгол хийхийг шаардлаа. Хэрэв төсөвт тодотгол хийхгүй бол татвар төлөгчид дампуурахад хүрснийг ч мэдэгдлээ.