Б.Баттулга: Энэ сарын 4-21-нд дөрвөн хүн осгож, зургаан хүн архины хордлогын улмаас амиа алдсан
3 сарын 22, 2022

Цагдаагийн байгууллагаас гуравдугаар сарын 4-21-нд "Зөвийг зөвлөе" арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ хугацаанд хийгдсэн ажил болон бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд өглөө. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдөр тохиодгоороо жил бүрийн гуравдугаар сар онцлог байдаг. Иймд архины хор хөнөөлийг залууст ойлгуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Зөвийг зөвлөе" арга хэмжээг энэ сарын 4-21-нд зохион байгууллаа. 

Энэ хугацаанд улсын хэмжээнд 2,191 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 354 нь согтуугаар үйлдэгджээ. Түүнчлэн осгож дөрөв, архины хордлогоор зургаан хүн амиа алдсан. Хүчиндэх гэмт хэрэг 24 гарсны ес нь согтуугаар үйлдэгдсэн байна. 

Гуравдугаар сарын 4-21-нд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамгийн олон буюу 231 бүртгэгдсэн" гэлээ. 

Мөн дээр дурдсан хугацаанд 4,331 хүн эрүүлжүүлжээ. Ялангуяа баярын өдрүүдэд хамгийн их буюу гуравдугаар сарын 8-нд 259,  гуравдугаар сарын 18-нд 288 хүн эрүүлжүүлэгдсэн байна.

Үүний дээр согтуугаар жолоо барих 471 зөрчлийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Дээр бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байгаа аж.

Б.Ууганбаяр: "Зөвийг зөвлөе" нөлөөллийн арга хэмжээний мэдээлэл 4.7 сая хүнд хүрсэн

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ууганбаяр "Архи, согтууруулах ундааны хор хөнөөлийн талаар "Зөвийг зөвлөе" арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй нэгдлээ. Мөн олон нийтийн сүлжээнд нөлөөллийн арга хэмжээний мэдээлэл 4.7 сая хүнд хүрсэн" гэв.