“Дэлхийн тууль ба Жангар” олон улсын симпозиум болно
5 сарын 28, 2018

“Жангар судлал” төрийн бус байгууллага, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран “Дэлхийн тууль ба Жангар” олон улсын симпозиум, наадмыг ирэх есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. 

Монгол угсаатны үндэсний болон “Жангар” туулийн судалгааг гүнзгийрүүлэх,  харьцуулсан судалгааг өргөжүүлэх, туулиар мэргэшсэн залуу судлаачдыг дэмжих, орчин үеийн нөхцөл дэх туульчид ба хайлах урлагт тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь уг симпозиумын зорилго аж.

Энэ үеэр хоёр салбар хуралдаан болох бөгөөд “Орчин үеийн нөхцөл дэх тууль” салбар хуралдаанаар туулийн өв сан, хадгалалт хамгаалалтын асуудал, тууль хайлах урлагийн өнөөгийн байдал, тууль ба цахим ертөнц,  урлагийн бүтээл гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ. Харин “Монгол туулийн харилцаа холбоо” салбар хуралдаанаар нүүдлийн соёл иргэншил, угсаатан ба тууль, монгол болон түрэг туулийн хэлний харьцуулсан судалгаа, туулийг орчуулах, харилцан түгээх нь гэсэн сэдвийн  хүрээнд ярилцах юм байна.

Мөн энэхүү симпозиум, наадмын хүрээнд “Жангар тууль ба инноваци” сэдвээр урт хугацааны олон улсын төслийг хэлэлцүүлэх, хэрэгжүүлэх хуралдаан болохын зэрэгцээ “Туулийн голомт” туульчдын наадам зохион байгуулагдах ажээ.