Хөдөө аж ахуйг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийг арилжааны найман банкаар олгож эхэлжээ
4 сарын 18, 2022

Энэ онд “Хөдөө аж ахуйг дэмжих зээл”-д нийт 380 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкны эх үүсвэрээс олгохоор болоод буй. Засгийн газраас нийт 10.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэх аж. Тухайлбал,

Ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих, нэмүү өртөг шингэсэн ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 150 тэрбум төгрөг,

  • Үр тариа, тос, тэжээлийн ургамал, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид бусад ашигт таримлын тариалалт эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх, хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, нөөцийг нэмэгдүүлж, хангамж, үнийг тогтворжуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 100 тэрбум төгрөг,
  • Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 50 тэрбум төгрөг,
  • Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөг,
  • Арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөг,
  • Намрын ургацаас ургамлын тос, гурил, тэжээлийн үйлдвэрт улаанбуудай худалдан авахад зориулан 40 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Уг зээлийг Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Ариг, Тээвэр хөгжил, Капитрон, Төрийн банкаар олгож байна хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ.